Хятадын компаниуд дотоодод үйлдвэрлэсэн чипүүдийг ашиглаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
ЛОНДОН, 2025 оны тавдугаар сарын 30 /FT/. АНУ экспортын хяналтаа чангатгаж байгаа энэ үед "Alibaba", "Tencent", "Baidu" зэрэг Хятадын технологийн томоохон компаниуд хиймэл оюуны (AI) технологийг хөгжүүлэхийн тулд дотоодод үйлдвэрлэсэн чипүүдийг ашиглаж эхэлж байгаа тухай “Financial Times” сонин мэдээлжээ.
Тус сонинд бичсэнээр, Хятадын технологийн компаниуд өсөн нэмэгдэж буй дотоодын эрэлт, хиймэл оюун хэрэглэгчдийн хэрэгцээг хангахын тулд АНУ-ын “Nvidia” корпорацын хагас дамжуулагчийг орлож чадах бичил процессоруудыг туршиж эхэлсэн байна.
“Baidu” компанийн “AI Cloud” салбарыг удирдаж буй дэд ерөнхийлөгч Шэнь Дөүгийн ярьснаар, тус компанид “Nvidia”-ийн дэвшилтэт бичил чипүүдийг орлох хэд хэдэн хувилбар байгаа ажээ. “Цаашид бид эх орондоо үйлдвэрлэсэн чипүүдийг дотоодын программ хангамжуудтай хамт ашигласнаар Хятадын хиймэл оюуны технологийн хөгжлийн бат бөх үндэс суурийг тавьж чадна” гэж тэрбээр хэллээ. "Alibaba"-гийн гүйцэтгэх захирал Эдди Вү "бид үйлчлүүлэгчдийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд олон төрлийн хувилбаруудыг идэвхтэй судалж байна" гэв. Харин “Tencent” компанийн тэргүүн Мартин Лау чипүүдийг илүү үр ашигтайгаар ашиглахын зэрэгцээ орлох бүтээгдэхүүнүүдийг тус компани мөн судалж байгааг мэдээлсэн байна.
Хятадын технологийн “Huawei” компани "Nvidia"-гийн чипүүдийг орлож чадах хиймэл оюуны технологид зориулсан “Ascend 910D” хэмээх шинэ процессорын загварыг зохион бүтээж байгаа тухайгаа өмнө нь мэдээлж байсан юм.