ХӨВСГӨЛ: Хүүхдийн баярын нээлтэд 100 сурагч морин хуур тоглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны зургаадугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг баяр наадмын талбайд тэмдэглэж байна.
Энэ жил Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” уриан дор орон даяар тэмдэглэж байна.
Хүүхдийн баярын нээлтэд шилдэг сурагчдын парад, авьяаслаг сурагчдын уран бүтээлийг тоглолт болж 100 сурагч морин хуур тоглолоо.
Баярын нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар оролцлоо.
Тэрээр бид хоймор нутгийнхаа 49521 хүүхдийн эрүүл аюулгүй, ээлтэй орчинд өсөн торних нөхцөлийг бүрдүүлэх, хөгжил оролцоог нь дэмжиж дэлхийн иргэн болж төлөвшүүлэх чиглэлээр бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
Аймгийнхаа урлаг, сурлага, спортоор манлайлагч зөв үлгэр дуурайлал болсон хүүхдүүддээ алдаршуулан шагнаж урамшуулах үйл ажиллагаанд 400 гаруй сая төгрөгийг зарцууллаа. Цаашид олон шилдэг хүүхдүүд Хөвсгөл нутгаа тив дэлхийд дуурсгахын ерөөл дэвшүүлж байлаа.
“Монгол гэр бүл” ёс заншил, өв уламжлалыг сурталчлах, “Child Art” нүүр будалт, зураг зурах, фото зураг авхуулах зэрэг олон үйлчилгээг хүүхэд багачуудад хүргэлээ.
Мөн Замын хишиг компанийн хамт олон өдрийн турш 5 чиглэлд хүүхдүүдэд нийтийн тээврийн автобусаар үнэгүй үйлчилж байлаа.