ЗАВХАН: Хүүхдүүд хичээлээр үзсэн мэдлэгээ бататгах аялалд оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-06-02 14:31:30

Улиастай, 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид “Оролцсон хүүхэд хөгждөг, хөгжсөн хүүхэд хамгаалагддаг” аялалд оролцжээ.


Архангай аймгийн Цахир сумын Хүүхдийн төлөө зөвлөлөөс санаачилсан тус аялалд Тосонцэнгэл сумын 2 дугаар 10 жилийн сургуулийн сурагчдын оролцооны удирдах зөвлөлийн 12 сурагч багшийнхаа хамт оролцсон байна.


Аяллын багийнхан Цахир сумын Цахир багийн нутагт байдаг гурван хүн чулуун хөшөө, Хан-Уул багийн нутагт дахь байгалийн өвөрмөц тогтоц бүхий агуйг үзэж, домог түүхтэй танилцжээ.


Мөн Хоёр багш шүтээн хэмээн нэрлэгдсэн увдисын орон, сайн энергийн төв, байгалийн сайхнаар аялан хичээлээр үзсэн мэдлэгээ бататгасан байна. Аяллын явцад үе тэнгийнхний далд дээрэлхэлт сэдэвт сургалт, хөгжилтэй тоглоомууд, танин мэдэхүйн тэмцээн зэргийг явуулж, идэвхтэй оролцсон сурагчдыг урамшуулсан байна.


Аялалд манай сургуулийн сурагчдыг урьж оролцуулан мэдлэг, мэдээллээ хуваалцаж, орон нутгийнхаа байгалийн сайханд аялуулж, Хоёр багш шүтээндээ мөргүүлж, хамтран ажилласан Цахир сумын сургуулийн багш нарт баярлалаа. Шинэ хичээлийн жилээс тус сумтай хамтарч сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх саналтай байгаагаа дуулгалаа.


Хүүхдүүд маань хөрш сумдынхаа байгаль түүхийн газруудыг нүдээр үзэж, тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх мэдлэгээ нэмлээ.


Мөн газар зүй, түүхийн хичээл дээр үздэг хичээлүүдээ бататгалаа. Цаашид хамтарсан аялал, сургалтыг хүүхдүүдийн дунд явуулах нь үр дүнтэй юм байна гэдгийг харуулсан аялал боллоо гэж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар 10 жилийн сургуулийн нийгмийн ажилтан багш Б.Наранчимэг хэллээ. 


Ташрамд, дээрх аялалд Цахир сумын сургуулийн эко клубийнхэн, 5,6,7-р ангийн сурагчдын төлөөлөл 24 сурагч мөн хамтран оролцжээ. 

Аялалд оролцогчид

Related news