ӨВӨРХАНГАЙ: Хүүхдүүд хотынхоо хөгжил, өнгө үзэмжид санаа зовнидгоо илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-06-03 18:17:57

Арвайхээр, 2025 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/.  Арвайхээр сумын ЗДТГ-аас өнөөдрийг “Хүүхдээ сонсох өдөр” болгож, ерөнхий боловсролын сургууль, Политехникийн коллежийн сурагчидтай уулзалт хийлээ.

Хүүхдүүдийн үзэл бодол, дуу хоолойг сонсож, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэр гаргах түвшинд уламжлан үйл ажиллагаандаа тусгах зорилгоор сумын Засаг дарга болон ЗДТГ-ын мэргэжилтнүүд долоон сургуульд очиж ажилласан байна.



Хүүхдүүд өөрсдийн сурч хүмүүжих орчинд тулгамдаж буй асуудлаас гадна хотынхоо хөгжил, өнгө үзэмжид санаа зовнисон бодол сэтгэгдлээ илэрхийлж байлаа. Тухайлбал, “Төв талбайн хажууд байрлах Хангай зочид буудлыг яаралтай ашиглалтад оруулах, эсвэл нураах хэрэгтэй. Хананд нь түүх, дурсгалын зураг байгаа нэрийн дор төвдөө байлгаж болохгүй” хэмээж байв.

Мөн “Уурын зуухнуудаа халж чадахгүй бол янданг нь өндөрсгөх хэрэгтэй. Өвлийн улиралд цонхоор утаа хөө тортог маш их орж ирдэг.

Ахмадууд алхах үедээ 200 метр яваад амрах шаардлагатай болдог ч суух сандал байдаггүй. Нийтийн эзэмшлийн талбай, гудамуудад ойр, ойрхон сандал байрлуулах хэрэгтэй” гэх мэт саналыг хэллээ.



Сургуулийн орчинд гэрэлтүүлэг, камержуулалт муу. Хогийн сав цөөн. Хүүхдийн тоглоомын талбай, сагсны талбай, хөл бөмбөгийн талбайд тоглоход эвдэрсэн, хугарсан зүйл их байдаг болохоор хувцсаа урах, бэртэж гэмтэх тохиолдол их гардаг болохыг хэлсэн юм.


Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат хүүхдүүдийн саналыг нэгтгэн холбогдох газар, мэргэжлийн хүмүүстэй хамтран шийдвэрлэн ажиллахаа мэдэгдлээ. Арвайхээр сумын ИТХ-аас 2025 оныг "Хотын соёл-Хариуцлагатай иргэн" зорилтот жил болгон зарлаж, иргэдийнхээ сэтгэлгээ, хандлагыг өөрчлөхөд чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.





Related news