ЗАВХАН: Жамсран бурхны орон Марз уулын домог
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутагт
орших Марз уулыг Жамсран бурхны орон
хэмээн нутгийнхан шүтдэг.
Марз уул нь Тосонцэнгэл сумын төвөөс урагш 77 км зайд орших 3000 гаруй метрийн өндөр өргөгдсөн байгалийн гайхамшиг цогцолсон газрын нэг юм.
Элсэн тал нь эгц босоо, ар талдаа булуу
царам, хормойгоороо модоор хүрээлэгдсэн, олон нуур цөөрөм бүхий уул юм.
Түүний энгэр бэлд нь Хожуулын голын
эхний хоёр ч халуун рашаан бий. Энд эмийн
ургамал, ялангуяа ховордсон эмийн ургамал, ан амьтан элбэгтэй. Энэ уулыг
нутгийн ард олон үе дамжин хайрлан хамгаалж шүтэн биширч ирсэн тул олон сайхан
домог үлдээжээ.
Хожуулын голд
Очирын дуган гэж байжээ. Энэ дуганд Жамсран зайсан гэгч нэг лам байх үед Пунцаг зуу гэдэг газраас нэг лам морилон ирж. Тэр лам “Пунцаг зуу гэдэг газар бол
Эрдэнэзуугийн хавьд байдаг бөгөөд манай хийдийг Марз уулын савдаг харж байдаг
учир уг уултай биечлэн танилцах ажилтай явж ирлээ” гэж айлдсан юм гэнэ.
Ийнхүү хол
нутгаас зорьж ирсэн ламд Жамсран зайсан газарчилж Марз уулаа танилцуулж өгчээ.
Үзэж танилцсаны дараа Жамсран зайсан уул усны талаар асууж лавлахад тэр лам
ингэж ярьсан гэдэг.
Марз уулын савдаг
бол улаан зүстэй, улаан морьтой юм. Элгэнд нь байгаа эхний нуур бол
Бадамхундага, доод гурван нуур нь Охий гурван нуур, адгийн Долоон тахил, мөн
элгэн биед нь байгаа хүрхрээ нь Нанчидын рашаан, эргэн тойрондоо эмийн олон
рашаантай, ойролцоох зуун хүнхэл нуур нь эмийн манхаг нь юм, хамаг эмээ хамгаалан
сүрлэг хад нь шөрмөсөн чулуу элбэгтэй юм хэмээсэн байна.
…”Эвтэй гамтай
хэрэглэвэл
Эмтэй олон
ургамал байна
Хайрлаж хамгаалж
явбал
Хамаг бүхэнд
тусална
Тайж тахиж явбал
Таалал бүхэн
бүтэх юм
Цагаан нууртай
холбогдсон нь
Цагаан идээний
орон болно
Аргадаж шүтэж
явбал аяганы ам зуулгах
Ачлал төгс баян Марз хайрхан” юм гэж шинжсэн гэдэг домогтой. Эрдэнэзуугийн дэргэдэх Пунцаг зуу хийдээс ирсэн тэр ламын зохиосон гэх Марз уулын сан /Марзын сан/ одоо хүртэл нутагтаа хадгалагдаж байдаг ажээ.
Марз уул, Буурал модны рашаан
Тарвагатайн нуруу, Марз уул, Хожуулын рашаан сувилал
МИАТ-ийн 14102 дугаартай "АН-26" маркийн нисэх онгоц 1993 оны 4-р сарын 23-ны өглөө Улаанбаатар-Өлгий хотын чиглэлд нисээд сураггүй алга болсон юм. Сүүлд 5-р сарын 7-нд уг онгоцыг Тосонцэнгэл сумаас урагш 74 км-ийн, Цахир сумаас цааш 60 орчим км, Завхан Архангай аймгийн яг зааг дээрх Марз ууланд осолдсон байдалтай олсон байна.