Канадын залуу тамирчин С.Макинтош дэлхийн дээд амжилтыг эвджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ОТТАВА, 2025 оны зургаадугаар сарын 9 /CNN/. Канадын өсвөрийн тамирчин Саммер Макинтош бямба гарагт “Canadian Swimming Trials” тэмцээний үеэр 3 минут 54.18 секундийн амжилтаар 400 м-ийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
Өдгөө 18 настай тэрбээр 2024 оны Парисын Олимпын үеэр уг төрөлд алтан медаль хүртсэн Австралийн усанд сэлэлтийн тамирчин Ариарне Титмусийн тогтоосон өмнөх амжилтыг нэг секундээр ахиулсан байна. С.Макинтош нас залуу хэдий ч дээд амжилтуудыг эвдэж, усанд сэлэлтийн спортын хамгийн өндөр цол хэргэмүүдийг хэдийнээ хүртсэн юм. Парисын наадмын үеэр тэрбээр гурван төрөлд аваргалсан анхны канад тамирчин болж байлаа.
А.Титмус 400 м-ийн чөлөөт сэлэлтийн төрөлд дээд амжилт тогтоохоос өмнө С.Макинтош уг амжилтыг эзэмшдэг байсан бөгөөд 2023 оны гуравдугаар сард 3:56.08 минутад барианд орж байсан нь бямба гаргийнхаас хоёр секундээр илүү байв. Энэ удаад тэрбээр гараанаас тайван гарсан боловч цагаа ахиулахын тулд уралдааны хоёрдугаар хагаст гайхалтай амжилт үзүүлсэн байна.