“Лейкерс”-ийг спортын түүхэнд хамгийн их үнээр худалдана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ 
                                                                    ВАШИНГТОН, 2025 аравдугаар сарын 31 /TASS/. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) удирдах зөвлөл “Лос-Анжелес Лейкерс” клубийн хувьцааны хяналтын багцыг худалдах гэрээг санал нэгтэй дэмжсэн тухай тус холбооны хэвлэлийн алба мэдээлжээ.
“Лейкерс” клубийн хувьцааны хяналтын багцыг “TWG Global” компанийн гүйцэтгэх захирал Марк Уолтер 10 тэрбум ам.доллароор худалдаж авна гэж ESPN сувгаар зургаадугаар сарын 19-нд мэдээлж байв. Тус сувгаар мэдээлснээр, клубийн одоогийн эзэд болох Бассын гэр бүл цөөн тооны хувьцааг /15 гаруй хувь/ тодорхой хугацаанд эзэмших бол Жини Басс “Лейкерс”-ийг зарсны дараа клубийг удирдах албан тушаалд хэвээр үлдэх ажээ.
“Лейкерс”-ийг худалдах гэрээ нь спортын түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүнтэй гэрээ болсон байна. 2023 онд Үндэсний хөл бөмбөгийн лигийн “Вашингтон Коммандерс” клубийг 6.05 тэрбум ам.доллароор худалдан авч байсан бол энэ оны гуравдугаар сард NBA-гийн “Бостон” клуб 6.1 тэрбум ам.доллароор зарагдсан юм.
Бассын гэр бүл “Лейкерс” клубийг 1979 оноос хойш эзэмшиж ирсэн бөгөөд тэдний удирдлага дор тус клуб 11 удаа NBA-гийн аварга болжээ.
М.Уолтер “Лейкерс”-ийн хувьцааны 26 хувийг 2021 онд Фил Аншутцаас худалдан авснаар клубийн хяналтын багцыг худалдаж авах эрхтэй болжээ. Тэрбээр “Лос-Анжелес Дожерс” (Үндэсний бейсболын лиг), “Лос-Анжелес Спаркс” (Эмэгтэйчүүдийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо) болон “Челси” (Английн хөл бөмбөгийн премьер лиг) зэрэг мэргэжлийн спортын хэд хэдэн байгууллагын хувьцааг, мөн 2026 оноос "Формула-1" уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох “Кадиллак” зэрэг авто спортын хэд хэдэн багийг эзэмшдэг.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																		
				
             
                    