ЗАВХАН: Сав газрын харьяанд байгаа төрөл зүйлүүдийг таниулах нь чухал
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Хяргас нуур-Завхан голын сав газарт Монгол
оронд тэмдэглэгдсэн шувуудын ихэнх хувь нь байршдаг байна.
Хяргас нуур-Завхан голын сав газрын сээр нуруутан амьтдын судалгаанаас үзвэл, монгол оронд тэмдэглэгдсэн хөхтний 54.3 хувь, шувуудын 77.5 хувь, загасны 5.7 хувь, мөлхөгчдийн 27.3 хувь, хоёр нутагтны 16.7 хувь нь байршин амьдардаг.
Тус сав газарт
тэмдэглэгдсэн мөлхөгчид, хоёр нутагтны зүйлийн бүрдэл нь харьцангуй ядмаг, нуур
элбэгтэй, шувуудын хувьд чухал газрууд олонтой юм. Нэн ховор болон ховор
шувуудын ихэнх нь усны шувууд бөгөөд тэдгээрийн гол идэш тэжээл болсон загасны
зүйлүүдийн 50 хувь нь ховордолттой зэрэгт хамрагддаг онцлогтой.
Завхан аймгийн хэмжээнд хууль бус ашиглалтад өртөж буй биологийн төрөл зүйл нь монгол тарвага, халиун буга, алтайн хойлог, Улаагчны хар нуурын загас байна.
Сав газрын харьяанд байдаг биологийн олон янз байдлыг хамгаалахад талуудын хамтын ажиллагаа чухал юм. Мөн биологийн олон төрөл зүйлүүдийг олон нийтэд таниулах нь чухал.
Тиймээс цахим орчинд болон орон нутгийн хэвлэл
мэдээллийн хэрэгслээр дамжуулан биологийн олон төрөл зүйлүүдийн харилцан
хамаарал, ямар чухал ач холбогдолтой болох. Судалгааны үйл явц, байгальд яагаад
чухал болох, эдгээр төрөл зүйлүүдийн хамгаалалт ямархуу түвшинд байгаа талаар
гэхчлэн олон талын мэдлэг ойлголтыг иргэдэд өгөх танин мэдүүлэх мэдээллүүдийг байнга
өгч байна. Биологийн олон
төрөл зүйлийн судалгааг ч тогтмол хийж байна гэж Хяргас нуур-Завхан голын сав газрын
захиргаанаас мэдээлэв.
Ташрамд Хяргас
нуур-Завхан голын сав газарт Завхан, Говь-Алтай, Увс, Баянхонгор, Ховд,
Архангай зэрэг 6 аймгийн 50 сум багтаж нийт 120706.9км2 талбайг эзлэн оршдог.
Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 7.7 хувийг эзэлж байна.