СҮХБААТАР: Малчин гэр бүл сумынхаа брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Эрдэнэцагаан сумын малчин гэр бүл өрхийн үйлдвэрлэлийн "Мойлт" нөхөрлөлийг байгуулж, олон төрлийн сүү, цагаан идээ бэлтгэн худалдаанд гаргаад таван жил болжээ. Жилээс жилд бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмж, чанарыг сайжруулахын зэрэгцээ албан ёсны баталгаажуулалтаа ч авч өдгөө сумынхаа брэнд бүтээгдэхүүн болж чадсан байна.
М.Амарбат, А.Буянбадрах нар гэр бүл болоод хоёр жил гаруй болж байгаа. Эхлээд өөрсдийн үнээгээ сааж бүтээгдэхүүнээ өрхийн хүрээнд бэлтгэн худалддаг байсан бол өдгөө жижиг фермертэй болж, сүүний чиглэлийн алатау үүлдрийн дөрвөн үнээг авчирч нутагшуулжээ. Үнээгээ өдөрт хоёр удаа сааж, сүүгээ авдаг.
Уламжлалт монгол аргаар сүүгээ боловсруулж, бүх бүтээгдэхүүнээ гар аргаар хийдэг байна. Нутгийн онцлогийг илтгэх үзэмчин ааруул, үзэмчин хийцтэй цай, шар тос, хайлмаг, аяганы хийц, арвайн гурил, шар будаа, багсарсан өрөм, нэрмэл архи гээд одоогоор арав гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг тэд үйлдвэрлэдэг. Мөн нэрийн бэлгийн багцыг ч гаргажээ.
Үйлдвэрлэлээ жилийн дөрвөн улиралд тасралтгүй явуулдаг учир борлуулалт болон захиалга тасардаггүй. Худалдаанд гаргахаас илүүтэй захиалгаар үйлдвэрлээд өгчихдөг болсон. Манай бүтээгдэхүүний гол онцлог нь уламжлалт гар аргаар хийдгээс гадна өдөр бүр шинээр үйлдвэрлэдэг. Ямар нэг нэмэлт бодис ороогүй, жинхэнэ цэвэр, эрүүл хүнсний бүтээгдэхүүн юм. Тиймээс байнгын захиалагч олонтой болсон. Өнгөрсөн жилээс хөрш зэргэлдээх сум, аймгаас захиалах болсон. Одоогоор өрхийн хэмжээнд үйлдвэрлэлээ явуулж байгаа болохоор цаашид өөрсдийн гэсэн жижиг үйлдвэрийн байртай болохыг хүсдэг. Мэдээж засаж сайруулах, анхаарах зүйлүүд ч бий. Суралцаад, улам сайжрахын төлөө хичээж байгаа гэж А.Буянбадрах ярилаа.
Бүтээгдэхүүний хаяг шошго, сав баглаа боодол гээд бүгд стандартын шаардлага хангадаг учир сум орон нутагт ирсэн гадаад, дотоодын зочдод барих хамгийн онцгой бэлэг болжээ.