ӨВӨРХАНГАЙ: Аймаг, сумын ИТХ-д дөрвөн суудал эзэнгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-06-16 18:07:43

Арвайхээр, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр болно. Өвөрхангай аймгийн хэмжээнд аймаг, сумын ИТХ-д дөрвөн суудал эзэнгүй байгаа юм.


Аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгчөөс Ардчилсан намын нэр бүхий дөрвөн төлөөлөгч аймаг, суманд давхар нэр дэвшсэнтэй холбоотойгоор Зүүнбаян-Улаан, Нарийнтээл сумын ИТХ-д болон Есөнзүйл, Төгрөг сумаас аймгийн ИТХ-д нөхөн сонгууль хийх шаардлага үүссэн.


Гэвч товлосон өдөр зөвхөн Нарийнтээл сумын ИТХ-ын нөхөн сонгуулийг зарлаад байна. Учир нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 6.5-д "Сум, дүүргийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигч нь аймаг, нийслэлийн Хурлын төлөөлөгчид зэрэг нэр дэвшиж болно” хэмээсэн бол Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40.1.2-т "өөр шатны ИТХ-ын төлөөлөгч байхыг хориглоно" хэмээн заажээ.


Хуулийн энэ зөрүүтэй байдлын улмаас аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг нөхөн сонгуулийг хойшлуулах санал тавьж, иргэд сонгогчдынхоо дийлэнхийн саналыг авсан хоёр Төлөөлөгч аймаг, сумын хуралд бүрэн эрхээ хэрэгжүүлэн давхар ажиллах боломжтой хэмээн үзэж байгаа юм.


Мөн Төв аймгийн ИТХ-д үүнтэй ижил асуудал үүсэж, иргэн Б.Баярмагнай Үндсэн хуулийн цэцэд хандсанаар Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тогтоол гарсан байна. Эндээс ямар шийдвэр гарахыг хүлээж байгаа, дараа нь ИТХ-д асуудал оруулна хэмээн аймгийн Ардчилсан намын дарга Б.Ихбаяр ярилаа.

 

Related news