ЗАВХАН: Шашны зан үйлийн 19-р зууны үеийн багаж хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-06-18 18:24:49

Улиастай, 2025 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн музейд 19-р зууны үеийн шашны зан үйлд хэрэглэдэг багаж хадгалагдаж байна.

Завхан аймгийн музей нь сан хөмрөг болон үзүүллэгтээ 12000 орчим үзмэртэй. Аймаг, орон нутгийн онцлог бүхий “Орон нутгийн музей” болон “Алдартны музей” гэсэн хоёр төрөлжсөн музейн нийт 18 танхимд үзмэрээ дэглэн олон нийтэд үзүүлж байна. 


Лянганы багаж нь музейн угсаатны зүйн танхимын үзмэрт байрладаг ба нийт зургаан ширхэг үзмэр дэглэгджээ.
XIX зууны эхэн үеийн шашны багаж юм. Лянганы багажийг Гүрбадам дархан бүтээсэн байна.


Тухайн үед уул усаа тахиж тайхад хэрэглэж байсан шашны зан үйлд хэрэглэгддэг чухал багаж юм. Дөрвөн очиртой багаж тэгүг, чаганцангийн хамт цамын үйл ажиллагаанд хэрэглэдэг.


Цам гэдэг нь бурхны шашны хурал, номын нэгэн  хэсэг, хүмүүн төрөлхтний зовлон гаслангийн учир шалтгааныг даран зайлуулах утга агуулгатай, бурхны шашныг устгахаар завдсан Ландарм хааны мөхлийг жүжиглэн харуулсан нууц тарнийн ёсны очирт бүжиг юм.


Лянга гэдэг нь шашны дайсныг дүрсэлсэн арзгар сэгсгэр үстэй, хилэгт царайтай, залгих хоолой нь хялгас мэт нарийхан, цүдгэр гэдэстэй, гарыг ард нь хүлсэн эрийн дүрс баримал буюу зургийг хэлдэг.


Цам цамнаж дуусахдаа лянганд тухайн жилийн нүгэл хилэнц бүхнийг номын хүчээр шингээсний дараа муу муухайгаасаа салахыг бэлгэдэн түүнийг тусгай эвдэх багажаар эвдэн, тарнийн хүчээр устгаж гал руу хийж шатаадаг заншилтай.

Лянга эвдэх багаж нь хутга, сэлэм, сэрээ, гинж, дэгээ, сүх, алх, очир, сум, жад зэрэг юм.


Манай музейд хадгалагдаж байгаа энэхүү Лянганы багаж нь монгол дархны аргаар XVII-XIX зууны үед урласан ган сийлбэр багаж юм. лянганы багажууд хадгалагдаж байдаг.  Тус үзмэрийг хосгүй үнэт дурсгалт зүйлийн бүртгэлд бүртгэсэн гэж Завхан аймгийн Музейгээс мэдээлэв.



Related news