"Реал", "Аль-Хилал" багууд тэнцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-06-19 11:26:38

ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 19. /ТАСС/. Хөл бөмбөгийн клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны эхний тоглолтод Испанийн “Реал”, Саудын Арабын “Аль-Хилал” багууд 1:1 харьцаагаар тэнцлээ.


АНУ-ын Майами хотод өчигдөр орой болсон уг тоглолтод “Реал”-ын Гонсало Гарсия (34 дэх минут), "Аль-Хилал"-ын Рубен Невеш (41, 11 метрийн торгуулийн цохилт) нар гоол оруулсан байна. Нэмэлт цагийн хоёр дахь минутанд “Аль-Хилал” багт тоглодог Мароккогийн хаалгач Яссин Боно “Реал”-ын Федерико Вальвердегийн цохисон 11 м-ийн торгуулийн цохилтыг хаажээ.


Испанийн “Реал” багийнхан Хаби Алонсогийн удирдлага дор анхныхаа тоглолтыг хийсэн бөгөөд хамгаалагч Трент Александер-Арнольд, Дин Хёйсен нар тус багийн бүрэлдэхүүнд анх удаа талбайд гарлаа. 


Мөн Италийн иргэн Симоне Инзаги ахлах дасгалжуулагчийн хувиар Саудын Арабын багийг удирдан анхныхаа тэмцээнд оролцож байна. Тэрбээр Аваргуудын лигийн финалд 0:5-аар хожигдсон Италийн “Интер” багийн дасгалжуулагчийн ажлаас саяхан чөлөөлөгдсөн юм.    


"Реал", "Аль-Хилал" багууд Австрийн "Зальцбург”, Мексикийн “Пачука" багуудтай хамт Н хэсэгт тоглож байна.


АНУ-ын хотуудад болж буй клубүүдийн ДАШТ-д нийт 32 баг 8 хэсэгт хуваагдан тоглож байгаа бөгөөд хэсэг тус бүрээс хоёр баг 1/8-ийн хасагдах шатанд шалгарч, тоглолтоо үргэлжлүүлнэ.


Финалын тоглолт долоодугаар сарын 13-нд болно. 

Related news