ХӨВСГӨЛ: Политехникийн коллежийг 90 гаруй суралцагч төгслөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-06-20 12:44:58

Мөрөн, 2025 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллеж нь 2024-2025 оны хичээлийн жилд 26 мэргэжлийн хөтөлбөрийг 779 суралцагчид эзэмшүүлжээ.


Энэ хичээлийн жилийн өвлийн төгсөлтөөр 13 мэргэжлийн хөтөлбөрөөр 172 мэргэжилтэй ажилтан бэлтгэж, хөдөлмөрийн зах зээлд гаргасан байна.  


Мэргэжлийн болон техникийн боловсрол олгох нэг жилийн хөтөлбөрийг 95 суралцагчид эзэмшүүлж, диплом болон мэргэжлийн үнэмлэхийг 52 дахь төгсөлтийн баяраар гардуулан өглөө.

 


Энэ хичээлийн жилд “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” төсөл тус коллежийн ойн мэргэжлийн хөтөлбөрт хэрэгжиж эхлэхээр болжээ.


Тус төслийг Европын Холбоо, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамнаас санхүүжүүлж, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, НҮБ-ын Хүнс, хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам  хамтран 2028 он хүртэл хэрэгжүүлнэ.


Төслийн хүрээнд ирэх хичээлийн жилээс “Ойн техникч” хосмог сургалтыг туршилтаар хэрэгжүүлж эхэлнэ.


Тус коллеж нь үүсэн байгуулагдсанаас хойш 52 жилийн хугацаанд 35 мэргэжлээр 16000 гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэн хөдөлмөрийн зах зээлд нийлүүлжээ.


2025-2026 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсрол олгох 3 жилтэй хөтөлбөрт 10 мэргэжлээр, 1 жилтэй хөтөлбөрт 7 мэргэжлээр, техникийн боловсрол олгох хөтөлбөрт 2 мэргэжлээр тус тус элсэлтээ авч байна.

 



 

 

 

 

 

 

Related news