Арменийн Ерөнхий сайд Турк улсад анх удаа ажлын айлчлал хийнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЕРЕВАН, 2025 оны зургаадугаар сарын 20 /RIA Novosti/. Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян баасан гарагт буюу өнөөдөр Туркт хүрэлцэн ирэх бөгөөд түүнийг Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хүлээн авч уулзана гэж Туркийн Ерөнхийлөгчийн засаг захиргаа мэдээлжээ.
Хоёр удирдагчийн уулзалт Истанбул хотод болно гэж уг мэдэгдэлд дурдсан байна. Энэ нь Н.Пашиняны Туркт хийж буй анхны ажлын айлчлал гэдгийг Туркийн тал тэмдэглэжээ. Арменийн Ерөнхий сайд өмнө нь Турк улсад айлчилж байсан билээ. Тухайлбал, Н.Пашинян 2023 оны зургаадугаар сард Анкара хотод болсон Эрдоганы тангараг өргөх ёслолд оролцсон юм.
Н.Пашиняны айлчлалын өмнө Арменийн Гадаад хэргийн дэд сайд Ваан Костанян, Туркийн Гадаад хэргийн дэд сайд Беррис Экинжи нар хоёр орны харилцаа, бүс нутгийн асуудлуудыг хэлэлцсэн байна.
Туркт хийх гэж буй айлчлалынхаа талаар Н.Пашинян дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Харин Арменийн парламентын дарга Ален Симонян айлчлалыг түүхэн хэмээн тодорхойлсон байна. Тэрбээр сэтгүүчдэд хэлэхдээ, айлчлалын үеэр бүс нутгийн бүх асуудлыг хэлэлцэнэ. Арменийн удирдагч Туркт ийм түвшинд анх удаа айлчилж байгаа учир энэ бол түүхэн айлчлал юм" гэжээ.
Хэдийгээр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоогүй байгаа боловч удирдагчид болон дипломат ажилтнууд тогтмол харилцсаар байгаа бөгөөд Эрдоган, Пашинян нар утсаар тогтмол ярьж, олон улсын форумуудын үеэр уулздаг.
Турк, Армени хоёр улс харилцаагаа хэвийн болгох "болгоомжтой үйл явцыг" туулж байна гэж Р.Эрдоган тавдугаар сарын сүүлчээр мэдэгджээ.