“Челси” Бразилын багт хожигджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-06-21 09:39:00

ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 21./ТАСС/. Клубүүдийн ДАШТ-ий хэсгийн шатны хоёрдугаар тойргийн тоглолтод Бразилын “Фламенго” клубын хөлбөмбөгчид 3:1 харьцаагаар Английн “Челси” багийг буулган авлаа.


АНУ-ын Пенсильвани муж улсын Филадельфи хотод болсон уг тоглолтод бразилчуудаас Бруно Энрике (62 дахь минут), Данило (65), Уоллас Ян (83) нар, “Челси”-гийн Педру Нету (13) гоол оруулсан байна. Тоглолтын 68 дахь минутанд “Челси”-гийн довтлогч Николас Жексон улаан хуудсаар торгуулж, талбайгаас хөөгджээ.


Ийнхүү Бразилын баг клубүүдийн ДАШТ-ий хэсгийн шатанд хоёр дараалан хожиж, 6 оноотой болсноор D хэсгийг тэргүүлж байгаа бол “Челси” нэг хожиж, 3 оноо аваад байна. Тус хэсэгт Тунисийн “Эсперанс”, АНУ-ын “Лос-Анжелес” багууд оноо аваагүй байгаа бөгөөд өнөө шөнө хоорондоо тоглоно.


Ташрамд дурдахад, “Фламенго”-гийн ахлах дасгалжуулагч, Бразилын иргэн Филипе Луис 2014-2015 онд “Челси”-д тоглож байхдаа Английн АШТ, Английн лигийн цомын тэмцээнд түрүүлж байжээ. Мөн 2019-2023 онд “Фламенго”-гийн бүрэлдэхүүнд Бразилын аваргаар хоёр удаа шалгарч, Либертадоресын цомын тэмцээнд түрүүлж байв.


АНУ-ын хотуудад болж буй клубүүдийн ДАШТ-д анх удаагаа 32 баг оролцож, 8 хэсэгт хуваагдан тоглож байгаа бөгөөд хэсэг тус бүрээс хоёр баг шөвгийн 16-д шалгарч, тоглолтоо үргэлжлүүлнэ.

Финалын тоглолт долоодугаар сарын 13-нд болно. 

Related news