Шинэ Узбекистаныг үндэслэгч Шавкат Мирзиёев
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
УЛААНБААТАР, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Улс орных нь хөгжил зогсонги байдалд орсон нэн хүнд цаг үед төрийн тэргүүн болж, улс орноо шинэчлэлийн жимээр хөтөлж буй удирдагч бол Шавкат Мирзиёев юм.
Эртний Хятадын Күнзийн сургаалд “Өөрчлөлтийн үед амьдрах болтугай!” гэсэн ерөөл мэт хараал байдаг. Энэ үг магадгүй улстөрчдөд илүү хамаатай буй заа. ЗХУ задран унасны дараа шинээр тусгаар тогтносон улс орнуудын удирдагчдын ихэнх нь цаг хугацааны шалгуурыг давж чадаагүй юм. Өмнө нь дэлхийн хүчирхэг гүрэн оршин байсан газар нутгуудад иргэний болон бүс нутгийн дайн гарч, эдийн засаг, нийгэм, соёлын гүн хямрал, ажилгүйдэл, ядуурал гаарч, үйлдвэрлэл уналтад орсноор өчигдөрхөн хэвийн байсан сая сая хүний амьдрал ахуй сүйдэж, зөвхөн амьд тэсэж үлдэхийн төлөө тэмцэхэд хүргэсэн билээ. Энэ бүхэн нь тухайн үеийн зарим удирдагчийн харалган бодлого, сул дорой, шийдэмгий бус, чадваргүй байдлын шууд үр дагавар байв.
Харин Шавкат Мирзиёев Узбекистаныг олон жилийн турш удирдсан Ислам Каримовын халааг 2016 онд залгамжлан авсан даруйдаа “узбек маягийн өөрчлөн байгуулалт” хэмээн нэрлэх болсон шинэчлэлийг эхлүүлжээ.
Узбекистаны анхны Ерөнхийлөгч И.Каримов 2016 оны есдүгээр сард таалал төгссөн билээ. Тэрбээр 1989 онд Узбекистаны Коммунист Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогдсон үеэсээ хойш буюу нийтдээ 27 жилийн турш улс орноо удирдсан юм. Тухайн үед Ерөнхий сайдын албыг хашиж байсан Ш.Мирзиёев Каримовыг өөд болсны дараа ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байв.
Тэрбээр 2016 оны 12 дугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялж, төрийн тэргүүний албыг албан ёсоор хашиж эхэлсэн юм. Улмаар 2023 оны долоодугаар сарын 9-нд тус улсын ард иргэд түүнийг ерөнхийлөгчийн албанд улираан сонгожээ.
ЗХУ задран унасны дараах жилүүдэд Узбекистанд төрийн бодлого, шийдвэрүүд ил тод бус байсан бөгөөд албан тушаалтнууд авлига хээл хахуульд, төрийн байгууллагууд хүнд сурталд автаж, танил талаа албан тушаалд дэвшүүлэх явдал газар авсан байлаа.
Эдийн засгийн либералчлал, шинэчлэлийг 2005 онд эхлүүлсэн хэдий ч ерөнхийлөгчийн хуучинсаг үзэл, дээр дурдсан асуудлуудтай нийлэн томоохон өөрчлөлтүүдийг удаашруулж байв. Харин эдгээр өөрчлөлт нь шинэ удирдлагын үед л бодитоор хэрэгжиж эхэлсэн юм.
Шинэ Узбекистаныг бүтээхэд оруулсан түүний хувь нэмрийг дутуу үнэлэх аргагүй. Мирзиёевийн хувьд тэрбээр шинэчлэгч гэхээсээ илүүтэй хуучны тогтолцоонд ойр улстөрч байв. 2003 онд Ерөнхий сайдаар томилогдсон тэрбээр олон жилийн турш Каримовын хамгийн ойрын туслахуудын нэг байсан тул Узбекистаны улс төрд нөлөө бүхий хүмүүсийн нэг болжээ. Гэхдээ шинэчлэл зайлшгүй хэрэгтэйг ойлгосон Мирзиёев өмнөх удирдагчийн бодлогыг үргэлжлүүлсэнгүй, харин өөрчлөлтийн эхлэлийг зоригтойгоор тавьжээ.
Тэрбээр төрийн жолоог атгасан эхний өдрүүдээсээ л жинхэнэ үндэсний удирдагчийн шинжийг харуулсан юм. Мирзиёев нөхцөл байдлыг цаг алдалгүй ухаалгаар үнэлж, ирээдүйн боломжийг тодорхойлсон зорилтуудыг дэвшүүлж, ард түмэнд итгэл найдвар өгч байлаа. Хүнд үеийг ухаалаг бодлого, зоримог шийдвэрээр даван туулж, улс орны байдлыг тогтворжуулан, эдийн засгийн уналтаас аварч чаджээ.
Чадварлаг удирдагчийн ачаар улс төрийн донсолгоо, эдийн засгийн хямралын үед Узбекистан улс олон аюулыг тойрон гарч, тулгарсан саад бэрхшээл, сорилтыг амжилттай даван туулж чадсан юм. Ийнхүү түүхийн хувьд харьцангуй богино хугацаанд Узбекистан улс хурдацтай хөгжиж буй орнуудын эгнээнд итгэлтэйгээр орсноор олон улсын хамтын нийгэмлэгийн нэр хүндтэй гишүүн улс болжээ.
Өнгөрсөн найман жилийн хугацаанд Шавкат Мирзиёев жинхэнэ холч ухаантай стратегич болохоо харуулсан юм. Түүний стратегич сэтгэлгээ Узбекистаныг улс төр-хууль эрх зүй, нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжлийн зөв замд оруулаад зогсохгүй Төв Азийн бүс нутгийг бүхэлд нь эдийн засгийн задрал, улс төрийн хуваагдлаас хамгаалсан билээ. Чухамдаа бүс нутгийн тогтвортой байдлыг хангахын төлөө санаачилга гаргаж, “Шинэ Төв Ази” хэмээх үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлсэн хүн бол Шавкат Мирзиёев юм. Тэрбээр Төв Азийн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлдөх уулзалтуудыг санаачлан зохион байгуулж, бүс нутагт энх тайвныг сахин хамгаалах, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм.
Томоохон улсын удирдагчийн хувьд улс төрийн прагматик хандлагыг хүн төрөлхтний өмнө хүлээсэн үүрэгтэй уялдуулж чадсан нь Шавкат Мирзиёевийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн удирдагч болгосон юм. Үүний тод жишээ бол НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индрээс гаргасан түүний санал санаачилгуудад тулгуурлан бүс нутгийн болон дэлхийн хэмжээний ач холбогдол бүхий нийт 11 тогтоолыг Ассамблейгаар баталсан байна.
Тухайлбал, 2024 онд Узбекистан олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажилласны үр дүнд дэлхий дахинд байр сууриа бэхжүүлэх, улс орны хөгжлийг улам ахиулах хэд хэдэн ололт амжилтад хүрсэн юм. Эдгээр амжилт нь тус улсын хөгжил дэвшлийг тодотгоод зогсохгүй дэлхийн хэмжээнд шинэ сорилт, боломжуудад бэлэн байгааг харуулж байна.
Шавкат Мирзиёев эдийн засгийг эн тэргүүнд тавьдаг. Түүний шинэ Узбекистаныг цогцлооход чиглэсэн эдийн засгийн загварыг “эрч хүчтэй, үр дүнтэй” хэмээн үнэлж байна. Энэхүү загвар нь эдийн засгийн тогтвортой хөгжил, ард түмний сайн сайхан аж байдал, үндэстэн хоорондын болон шашин хоорондын хүлээцтэй харилцаанд тулгуурлажээ. Шинэ Узбекистаны туулсан замыг Мирзиёев саяхан гаргасан "Орчин үеийн ертөнц ба Шинэ Узбекистан" номдоо тодорхой өгүүлсэн байдаг.
Шинэ Узбекистаны гадаад бодлого нь дотоод бодлоготойгоо нягт уялдаатай бөгөөд угтаа бол нэг нь нөгөөгийнхөө логик үргэлжлэл юм. Ийм уялдаа холбоо нь улс орон, нийгмийн хөгжлийг урагш ахиулах нөхцөлийг бүрдүүлж, Шинэ Узбекистаныг бүтээн байгуулах Ш.Мирзиёевийн үйл хэрэгт бат бөх суурь болж байна хэмээн шинжээчид дүгнэжээ.
Эдийн засаг 24 хувиар өсөж, гадаадын хөрөнгө оруулалт гурав дахин нэмэгдсэн нь үүний бодит илрэл юм. Боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаанд анхаарлаа хандуулж, эрүүл, боловсролтой, ирээдүйтэй залуу үеийг бэлтгэхэд онцгой ач холбогдол өгч байна.
Мөн The National Interest (АНУ) сэтгүүлд: “Мирзиёев улс төрийн хуучин чиг шугамаас эрс татгалзаж, Шинэ Узбекистаныг бүтээх өөрийн гэсэн стратегийг тодорхойлсон. Шинэчлэлүүд улс орны бүхий л салбарыг хамарч байна” хэмээн бичжээ.
Удирдагчийн онцгой авьяастай Шавкат Мирзиёевийн удирдлага дор Узбекистан улс хөгжил цэцэглэлт, бүх нийтийн сайн сайханд хүрэх замыг эргэлт буцалтгүй эхлүүлжээ. Узбекистанд хийж буй томоохон шинэчлэлүүд хүмүүсийн амьдрал, ертөнцийг үзэх үзэл, амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчилж байна.
Сүүлийн жилүүдэд хууль эрх зүй, нийгэм-эдийн засгийн томоохон шинэчлэлүүд хийгдэж байна. Энэ хугацаанд улсын эдийн засаг 24 хувиар өсөж, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ гурав дахин нэмэгджээ. Боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын хөгжүүлэх, эрүүл чийрэг, боловсролтой шинэ үеийг төлөвшүүлэх орчныг бүрдүүлэх, эх, хүүхдийг хамгаалахад нэн тэргүүнд анхаарч байна” хэмээн “The Asian Telegraf” сонинд нийтлэгдсэн “Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн удирдлага дор хөгжиж буй Узбекистан” гэсэн гарчигтай өгүүлэлд онцолжээ.
Ноён Мирзиёев Узбекистаныг Төв Азийн хөгжлийн төв гэж хардаг. Тэрбээр эдийн засгийг хөгжлүүлэхэд онцгой анхаарал хандуулж байна.
Олон үндэстэн угсаатнууд, өөр өөр шашин шүтлэгтэй, итгэл үнэмшилтэй хүмүүс эв найрамдалтайгаар зэрэгцэн амьдарч буй Узбекистан улс хөгжлийн цоо шинэ үе шатанд шилжиж байна хэмээн олон шинжээч дүгнэжээ. Америкийн“The National Interest” сэтгүүлийн тоймч бичихдээ, Шавкат Мирзиёев улс төрийн хуучирсан үзэл баримтлалаас татгалзаж, Шинэ Узбекистаныг байгуулах өөрийн стратегийг тодорхойлж чадсан. Үндсээр нь шинэчлэх өөрчлөлтүүд улс орны амьдралын бүх салбарыг хамарч байна хэмээн онцолсон байна.
Мирзиёев өөдрөг үзэлтэй удирдагч бөгөөд Уинстон Черчиллийн хэлсэн “Гутранги үзэлтэй хүн боломж бүрээс бэрхшээлийг түрүүлж олж хардаг, харин өөдрөг хүн бэрхшээл болгоноос боломжийг олж хардаг” гэдэг үгийг ихэд онцолдог. Тэрбээр өөрчлөлтөөс айдаггүй бөгөөд шаардлагатай цаг үед өөрчлөлт хийж чаддаг удирдагч гэдгээ нотлон харуулж чадсан юм.
Шавкат Мирзиёев бол амьдрал дээр “Үг нь үнэн, үйлдэл нь шийдэмгий байх ёстой” гэсэн зарчмыг баримталдаг. “Хүн бүрд сайн сайхныг хүргэе” гэсэн чин сэтгэлийн уриа нь түүний улс төр, нийгмийн үйл ажиллагааны салшгүй хэсэг юм. Тэрбээр өөрийн эхлүүлсэн шинэчлэлийг тууштай хэрэгжүүлж, нийгмийн ардчилал, шинэчлэлийг бэхжүүлэх, Шинэ Узбекистаныг цогцлоох, гурав дахь Сэргэн мандалтын үндэс суурийг тавих үйл хэрэгт чин хатуу итгэл үнэмшилтэйгээр зүтгэж байна.
Related news

