"МанСити" хамгийн түрүүнд плей-оффт шалгарлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 23. /ТАСС/. АНУ-ын
Жоржиа муж улсын Атланта хотод өчигдөр болсон клубүүдийн ДАШТ-ий хэсгийн шатны
хоёрдугаар тойргийн тоглолтод Английн “Манчестер Сити” баг Арабын Нэгдсэн
Эмират улсын "Аль-Айн" багийг 6:0 харьцаагаар бутниргэснээр бусад багаас
хамгийн түрүүнд плей-оффын шатанд шалгарлаа.
Английн багийн Илкай Гюндоган (8 ба 73 дахь минут), Клаудио
Эчеверри (27), Эрлинг Холанд (45+5, 11 м-ийн торгуулийн цохилт), Оскар Бобб
(84), Райан Шерки (89) нар гоол оруулсан байна.
"Манчестер Сити", "Аль-Айн" багууд G
хэсэгт тоглож байгаа бөгөөд Английн баг хэсэгтээ хоёр дараалан ялж, 6 оноотой
болсноор хэсгээсээ гарах нь тодорхой боллоо.
Энэ хэсэгт Италийн “Ювентус” баг
мөн адил 6 оноотой болсноор нэг тоглолтын өмнө хэсгээсээ шалгарсан бөгөөд 26-ны
өдөр “Манчестер Сити”-тэй тоглоно. Мөн хоёр тоглолтод оноо авч чадаагүй “Аль-Айн”
болон Марокко улсын “Видад” багууд хоорондоо тоглоно.
Өчигдөр болсон өөр нэгэн
тоглолтод Австрийн “Зальцбург” баг Саудын Арабын “Аль-Хилал” багтай 0:0
харьцаагаар тэнцсэн байна.
АНУ-ын хотуудад болж буй клубүүдийн ДАШТ-д анх удаагаа 32 баг
оролцож, 8 хэсэгт хуваагдан тоглож байгаа бөгөөд хэсэг тус бүрээс хоёр баг
шөвгийн 16-д шалгарч, тоглолтоо үргэлжлүүлнэ.
Финалын тоглолт долоодугаар сарын 13-нд болно.
Related news

