SpaceX компани чандар бүхий капсулуудыг сансарт хөөргөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
БРАУНСВИЛЛ, 2025 оны зургаадугаар сарын 25 /azertag/. Америкийн “SpaceX” компани “Transporter 14” хөтөлбөрийнхөө хүрээнд хэдэн арван сансрын төхөөрөмжийг “Falcon 9” зөөгч пуужингаар тойрог замд гаргажээ.
"SpaceX"-ийн пуужин жижиг хиймэл дагуулууд болон шинжлэх ухааны төхөөрөмжүүдээс гадна “The Exploration Company”-ийн нэгэн ер бусын ачааг тээвэрлэсэн аппаратыг тойрог замд гаргасан байна. Уг төхөөрөмж дотор 150 орчим хүний ДНХ, чандарласан шарил бүхий капсулуудыг байрлуулжээ.
Энэ бол нэг талын нислэг биш харин тойрог замд хийх аялал юм. Чандар бүхий капсулууд Дэлхийг хэд хэдэн удаа тойрон ниссэний дараа агаар мандалд нэвтэрч, шаталгүйгээр Номхон далайд газардана. Улмаар “The Exploration Company”-ийн ажилтнууд капсулуудыг далайгаас гарган авч, тэдгээрийг дурсгал болгон үйлчлүүлэгчдэдээ буцаан өгөх ажээ.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд мөн Маттео Барта гэдэг гурван настай хүүгийн ДНХ-г сансарт илгээжээ. Ингэснээр тэрбээр ДНХ нь сансарт хүрсэн Европын хамгийн залуу хүн болсон байна. Маттеогийн ДНХ-г сансар судлалыг маш их сонирхдог байсан түүний өвөөгийн чандарласан шарилын хамтаар тойрог замд илгээжээ.