БАЯН-ӨЛГИЙ: “2500 жилийн өмнөх Алтайн нурууны соёл” хамтарсан үзэсгэлэн дэлгэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн музей "Чингис хаан" үндэсний музей болон ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран “2500 жилийн өмнөх Алтайн нурууны соёл” сэдэвт түр үзэсгэлэнг нэг сарын хугацаанд зохион байгуулахаар нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнгийн
нээлтэд "Чингис хаан" үндэсний музейн Ерөнхий менежер Д.Эрдмаа оролцож, “Манай музей нь
орон нутгийн музейтэй хамтран ажиллаж, тухайн нутаг дэвсгэрээс олдсон үнэт,
хосгүй үзмэр эд өлгийн зүйлсийг харилцан сурталчлах, орон нутгийн иргэдэд түүх
соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх, нэгдмэл үнэт зүйлийг бий болгох ажлын
хүрээнд хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулж байна. Үзэсгэлэн зохион байгуулах
нь олон талын ач холбогдолтой бөгөөд мэргэжил арга зүйн сургалтууд, харилцан
туршлага солилцох, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, үзмэр цуглуулгыг харилцан
баяжуулах, орон нутгийн иргэд хүүхэд залуусын мэдлэг танин мэдэхүйд үнэтэй хувь
нэмрийг оруулах зэрэг давуу талуудтай” хэмээн онцлов.
Тус аймаг нь
Монгол алтайн бүс нутаг нь эртнээс нааш хүн амьдарч ирснийг гэрчлэх археологийн
дурсгалаар баялаг бөгөөд эртний булш оршуулга, буган чулуун хөшөө, хүн чулуу,
хадны зураг болон Алтайн нурууны Цагаан салаа, “Бага Ойгор”-ын хадны зургийн
цогцолбор ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдээд буй.
Түр үзэсгэлэнд
монголын түрүү төмрийн НТӨ VI-II үеийн нүүдэлчдийн хэрэглэгдэхүүн болох
Алтанцөгц сумын Хагтын хадны оршуулга, Цэнгэл сумын Бага түргэний гол, Улаанхус
сумын нутаг “Олон гүүр”-ийн гол гэдэг газраас илрүүлсэн Пазырыкын соёлтой
холбогдох үзмэр, эд өлгийн зүйлсийг гэрэл зургаар харуулжээ.
Баян-Өлгий аймгийн нутгаас олдсон археологийн олдворууд нь ШУА-ийн Археологийн хүрээлэн болон Чингис хаан Үндэсний Музейн сан хөмрөгт 60 орчим дэсийн 70 гаруй тооны үзмэр хадгалагдаж байгаагаас энэ удаагийн түр үзэсгэлэнд 38 үзмэрийг дээжлэн хүргэж байгаа аж.



