ХОВД: Багш, сурагчдад мөнгөн урамшуулал олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн боловсролын салбарт
хэрэгжиж буй “Ховдын
ирээдүй” төслийн хүрээнд элсэлтийн шалгалтад 750-иас дээш оноо авсан сурагчдад
мөнгөн урамшуулал олголоо.
Энэ удаагийн элсэлтийн шалгалтад оролцогчдоос дөрвөн сурагч 800 оноо авсан. Харин 26 сурагч 750-799 оноо авсан юм.
Иймд 800 оноо авсан сурагчийг 2 сая төгрөгөөр, 770-799 оноо авсан сурагчийг 1.5 сая төгрөгөөр, 750-770 оноо авсан сурагчийг
1 сая төгрөгөөр тус тус
шагнаж, батламж гардууллаа.
Мөн улсын олимпиадад амжилттай оролцож, медаль авсан хоёр багшийг тус бүр 3 сая төгрөгөөр, сурагчийг 1 сая төгрөгөөр урамшуулав. Харин бүсийн олимпиадад амжилттай оролцож, медаль авсан 6 багш, 13 сурагчийг тус бүр 300-500 мянган төгрөгөөр урамшуулж, батламж гардуулжээ.
Түүнчлэн Прогресс сургуулийн бага ангийн багш Н.Одончимэг, Булган сумын хоёрдугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Оюун-Эрдэнэ нар Монгол Улсын Зөвлөх багш цол хүртсэнийг гардууллаа.
“Ховдын
ирээдүй” төслийн хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилд багшийг чадавхжуулах,
олимпиад ур чадварын уралдаанд амжилт үзүүлсэн багш, сурагчдыг урамшуулах,
сургалтын орчныг сайжруулах зорилгоор орон нутгийн төсөвт 2 тэрбум төгрөг
хуваарилсан.
Үүний 52 сая гаруй төгрөгийг ийнхүү мөнгөн урамшуулал байдлаар олгосон тухай Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.