Клубүүдийн ДАШТ: Герман, Бразилын багууд плей-оффт шалгарлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 26. /ТАСС/. Германы Дортмунд хотын “Боруссиа”, Бразилын "Флуминенсе" багууд клубүүдийн ДАШТ-ий хасагдах шатанд шалгарлаа.
Хэсгийн шатны сүүлчийн гурав дахь
тоглолтонд германчууд Өмнөд Солонгосын “Ульсан” багийг 1:0 харьцаагаар хожсон
бол бразилчууд ӨАБНУ-ын "Мамелоди Сандаунз" багтай тэнцжээ.
Ингэснээр “Боруссиа” баг 7
оноотой болж F хэсгийг тэргүүлсэн бол Бразилын баг 5 оноотойгоор хоёрдугаарт
бичигдсэн байна. "Мамелоди Сандаунз" баг 4 оноогоор гуравдугаарт,
оноо аваагүй “Ульсан” баг дөрөвдүгээрт оржээ.
Одоо шөвгийн 16-д “Боруссиа” баг Е
хэсгээс хоёроор гарсан багтай, бразилчууд тус хэсгийг тэргүүлсэн багтай тоглоно.
Е хэсгийн сүүлчийн тойргийн тоглолтууд болохын өмнө Аргентины "Ривер
Плейт" баг 4 оноотой байгаа бөгөөд гоолын зөрүүгээр Италийн “Интер” багийн
өмнө бичигдэж байна. Гуравдугаарт, 2 оноо авсан Мексикийн "Монтеррей"
баг, дөрөвдүгээрт, одоогоор оноо аваагүй байгаа Японы "Урава Ред
Даймондс" баг орж байна.
Герман, Бразилын багуудаас өмнө шөвгийн
16-д найман баг шалгараад байсан бөгөөд Францын “Пари Сен-Жермен” баг АНУ-ын “Интер
Майами”-тай, Бразилын "Палмейрас", "Ботафого" багууд
хоорондоо, Германы “Бавариа” баг Бразилын “Фламенго”-той, Английн “Челси”
Португалын “Бенфика”-тай тус тус тоглоно.
Эдгээр тоглолт 6 дугаар сарын
28-наас 7 дугаар сарын 1-нд явагдана.
АНУ-ын хотуудад болж буй
клубүүдийн ДАШТ-д анх удаагаа 32 баг оролцож, 8 хэсэгт хуваагдан тоглож байгаа
бөгөөд хэсэг тус бүрээс хоёр баг шөвгийн 16-д шалгарч, тоглолтоо үргэлжлүүлнэ.
Финалын тоглолт долоодугаар сарын
13-нд болно.