ЗАВХАН: Улиастай сумын соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-06-26 18:17:33

Улиастай, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Завханы төв, Улиастай сумын соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын наадам энэ сарын 27-29-ний өдрүүдэд болно.


Наадам дөрвөн өртөөгөөр дамжуулан сонирхолтой үзмэр, уламжлалт наадаан, үзэсгэлэн худалдаа үзүүлбэрүүдийг олон нийтэд зориулан хүргэх юм.


Тухайлбал үндэсний спорт, тоглоом наадгайн өртөө нь үндэсний шагайн харваа, үндэсний сурын харваа, музейн боловсролын хөтөлбөр буюу шагай, үйчүүр, оньс он тоглоомыг таниулах сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Мөн гар урлалын үзэсгэлэн худалдааны өртөө нь монголын уламжлалт гар урлалын үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцасны үзэсгэлэн, мал аж ахуйн тоног хэрэгсэл, уламжлалт арьс ширэн урлал, уран дархны урлалуудыг олон нийтэд таниулах, нээлттэй худалдааг зохион байгуулах юм.


Уламжлалт идээ ундааны үзэсгэлэн худалдааны өртөөгөөр дамжуулан уламжлалт идээ, ундааны амталгаат үзэсгэлэн худалдаа, үндэсний хоол үйлчилгээг олон нийтэд таниулна. Соёлын өртөөгөөр дамжуулан олон нийтэд зориулан гэрэл зураг, уран зургийн үзэсгэлэн, номын үзэсгэлэн худалдааг зохион байгуулах юм.


Түүнчлэн ардын язгуур урлагийн тоглолтыг зохион байгуулна. Энэ үеэр дээлтэй монгол үндэсний хувцасны үзүүлбэр, 7 ай савын хүрээнд өвлөн уламжлагчдыг таниулж шалгаруулах юм гэж Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас мэдээлэв.

Ташрамд энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан Улиастай сум дахь соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг нээн илрүүлэх, бүртгэх, олон нийтэд таниулах юм.


Related news