УВС: Аймгийн төвийн хогийн цэгийг цэгцэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн төвлөрсөн
хогийн цэгийг сайжруулах ажил 85 хувьтай байна.
Улаангом хотын төвлөрсөн хогийн цэг нь 30 га талбайг хамарсан, 120243 м.куб хог хаягдал хуримтлагдсан, ил задгай тархсан хог ихтэй, гал ихээр гардаг, орчиндоо маш их хог салхиар тархаж хийссэн, орчны бохирдлыг бий болгосон хүндхэн нөхцөлтэй байсан юм.
Одоогоор тус хогийн цэгт
6 м өндөр хамгаалалтын далан барьж, 2 м өндөр
хамгаалалтын торон хашааны угсралтыг хийж байна. Мөн хог
хүлээж авах секторуудыг тусгарласан далангууд босгосноос гадна хог хүлээж авах секторуудад байгаа хог хаягдлыг түрэх,
хөрсөөр хучиж ажлын талбай бэлтгэх ажлыг гүйцэтгэж буй.
Үүнээс гадна шинэ авто пүү суурилуулж, хог бүртгэлийн зориулалтын программ хангамж ажиллахад бэлэн болгосон ба бүртгэлийн байрны засвар тохижилт бүрэн дуусжээ.
Шинэ байршилд их хэмжээний зардлаар хогийн цэг дахин байгуулж эрүүл газрыг бохирдуулахгүйгээр одоо байгаа хогийн цэгийг цэгцэлж дахин ашиглах замаар 10-15 жилийн хог хаягдлыг хүлээж авах талбайг сектор байдлаар бэлтгэж, цаашид байнгын хог дарж булшлах ландфилын үйл ажиллагаа, хяналт бүртгэлийн систем бүхий хогийн цэг болгохыг зорьж байгаа юм.
Гэхдээ аль болох дахин ашиглах боломжгүй хаягдлаа л дарж булшлахыг зорьж байна. Аймгийн төвийн хогийн цэгийг цэгцлэх ажлыг орон нутгийн “Мөнхжим өргөө” болон Улаанбаатар хотын “Мэйжүрмент” ХХК-иуд хамтран гүйцэтгэж байна.