Аляскаас Азийн орнуудад эрчим хүчний эх үүсвэрүүдийг нийлүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-07-24 10:41:49

ВАШИНГТОН, 2025 долоодугаар сарын 24 /TASS/. Аляскаас эрчим хүчний эх үүсвэрүүдийг нийлүүлэх гэрээг Азийн орнуудтай байгуулахаар  төлөвлөж байгаа тухай АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгджээ. 


“Бид эрчим хүчний салбарт, тэр дундаа Алясктай холбоотой гайхалтай гэрээнүүдийг Азийн олон оронтой байгуулна" гэж тэрбээр Вашингтонд лхагва гарагт болсон хиймэл оюуны хөгжлийн асуудлаарх бага хуралд үг хэлэх үеэрээ мэдэгджээ. Д.Трампын тайлбарласнаар, эдгээр нь газрын тос, хий болон эрчим хүчний бусад эх үүсвэрийг нийлүүлэх тухай гэрээнүүд юм.


Мөн тус улс дэлхийн зах зээл дээр газрын тосны үнийг бууруулахаар төлөвлөж байгааг тэрбээр онцоллоо.  Газрын тосны үнэ одоогоор нэг торх нь 64 орчим ам.доллар байгаа гэж Д.Трамп дурдаад “хэрэв боломжтой бол энэ үнийг дахиад бага зэрэг буулгахыг зорьж байна” гэж мэдэгджээ. “Энэ нь газрын тосны компаниудад таалагдахгүй байж мэднэ, гэхдээ бид цахилгаан эрчим хүчийг маш хямд байлгахыг хүсэж байна” хэмээн тэрбээр нэмж хэлсэн байна. Энэ нь АНУ-д хиймэл оюуны технологийг хөгжүүлэх, өгөгдөл боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чухал шаардлагатай юм.


АНУ-д нүүрс устөрөгчийн олборлолтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авна гэдгээ тэрбээр өмнө нь нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Эрчим хүчний салбар дахь АНУ тэргүүлэх байр суурийн асуудлаар үндэсний зөвлөл байгуулах тухай зарлигт Д.Трамп хоёрдугаар сард гарын үсэг зуржээ. 

Related news