ШИНЭ ДЕЛИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /Reuters/. Тээвэр ложистикийн хүндрэл бэрхшээлүүд байгаа хэдий ч гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох коксжих нүүрсний нийлүүлэлтийг төрөлжүүлэх стратегийн хүрээнд Энэтхэг улс Монголоос коксжих нүүрсийг импортлох боломж, үр ашигтай эсэхийг судалж байгаа тухай Reuters агентлаг энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалжийг эш татан бичжээ.
Гангийн үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт ордог Энэтхэг улс коксжих нүүрсний хэрэгцээнийхээ 85 орчим хувийг импортоор хангадаг бөгөөд үүний талаас илүүг нь Австралиас авдаг. Эрэлт ирэх жилүүдэд өсөхөөр байгаа тул Засгийн газар болон гангийн үйлдвэрүүд шинэ нийлүүлэгч хайж эхэлсэн гэж эх сурвалж ярьжээ.
Далайд гарцгүй Монгол Улс нь экспортын хоёр чиглэлтэй. Нэг нь Оросоор дамжин өнгөрөх урт чиглэл бол нөгөө нь Хятадаар дамждаг.
Эх сурвалжийн хэлснээр, Монгол Улс бол Бээжингийн хувьд нүүрсний стратегийн ач холбогдолтой нийлүүлэгч, мөн дамжин өнгөрүүлэхийг хориглох эрсдэлтэй тул Хятадын нутгаар дамжих маршрутыг Энэтхэгийн эрх баригчид найдвартай гэж үзэхгүй байгаа гэжээ. Мэдээлэл олон нийтэд ил болоогүй учир эх сурвалж нэрээ нууцлахыг хүссэн байна.
Энэтхэгийн Гангийн яам энэ талаар тайлбар хүссэн имэйлд хариу өгөөгүй байна.
Энэтхэг энэ оны эхээр хийхээр төлөвлөж байсан Монголоос нүүрсний туршилтын ачилтуудыг хараахан хүлээж аваагүй байна. Тус улсын төрийн өмчит Steel Authority of India (SAIL) компани 1 тонн нүүрсийг туршилтаар авах хүсэлтээ илгээсэн талаар Reuters тавдугаар сард мэдээлж байв.
“Бид Монголын коксжих нүүрсний нийлүүлэгч нартай техникийн болон ложистикийн боломжийг тогтоох талаар тасралтгүй харилцаатай ажиллаж байна” гэж тус компани Reuters-т мэдээлжээ. Харин Монголын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам тус агентлагийн хүсэлтэд хариу өгөөгүй байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Энэтхэгийн коксжих нүүрсний импортын 15 орчим хувийг Орос, АНУ эзэлж байна.
Ulaanbaatar