Бразилын бараанд 50 хувийн татвар ногдуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-07-31 08:42:34

ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 31. /ТАСС/. Бразилаас нийлүүлж буй бараа, үйлчилгээнд ногдуулсан татварын хэмжээг 50 хувь болгож нэмэгдүүлэх тухай зарлигт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп гарын үсэг зурлаа.


Энэхүү шийдвэр нь Бразилын засгийн газрын үйл ажиллагаа “АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, эдийн засагт аюул занал учруулж байгаатай” холбоотой ажээ. Түүнчлэн Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг шүүх ажиллагаа явагдаж байгаатай холбогдуулан татварыг нэмэгдүүлсэн гэдгийг Цагаан ордны хэвлэлийн албаны мэдээлэлд дурдсан байна. Вашингтоны үзэж байгаагаар, энэхүү шүүх хурал нь “улс төрийн сэдэлтэй” бөгөөд Бразилын засгийн газрын хийж буй үйлдлүүд нь АНУ-ын компаниудын үйл ажиллагаа, гадаад бодлого, эдийн засаг болон иргэдийн үг хэлэх эрх чөлөөнд хохирол учруулж байгаа ажээ.


Наймдугаар сарын 1-нээс эхлэн Бразилын бараанд 50 хүртэлх хувийн татвар ногдуулна гэдгээ Д.Трамп энэ сарын эхээр анхааруулж байсан юм.


Болсонару, Трамп хоёр бие биенийгээ идэвхтэй дэмждэг байсан билээ. 2023 оны нэгдүгээр сард дэгдсэн эмх замбараагүй байдлыг өдөөхөд оролцсон гэх шалтгаанаар Болсонаруд 2030 он хүртэл төрийн албан тушаал хашихыг хориглосон байна. Уг хэрэг явдал одоогийн ерөнхийлөгч Лула да Силва албан тушаалдаа орсны дараахан болсон юм. Мөн зургаадугаар сарын эцсээр Болсонару 12 мянга гаруй хүнийг цуглуулан жагсаал зохион байгуулж, өөрийг нь өршөөх, 2026 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахыг шаардаж байв. 

Related news