Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойгоор эрдэмтэд судалгааны бүтээлээ эргэлтэд оруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-08-21 14:39:36

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс “Дэлхийн II дайны төгсгөл: Чөлөөлөх дайны түүхийн судалгаа” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотноо өнөөдөр зохион байгуулав.


Тус хуралд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Хил хамгаалах ерөнхий газрын Хил судлалын хүрээлэн зэрэг 11 байгууллагын эрдэмтэн судлаач илтгэлээ тавьж хэлэлцүүллээ. Мөн ОХУ, БНХАУ, БНСУ, Японы 6 судлаач судалгааны үр дүнгээрээ илтгэл тавив.


Дөрвөн улсын 17 эрдэмтэн судлаачийн “Дэлхийн II дайны төгсгөл: Алс дорнодод”, “Зөвлөлт Монголын хамтарсан Манжуурын стратегийн давшилт”, “Монгол ардын хувьсгалт цэргийн байлдааны үүрэг” илтгэл тавьсан энэ удаагийн хурал нь Чөлөөлөх дайны талаарх судалгааг эргэлтэд оруулж, олон талын эх сурвалжаас бүрдсэн шинэлэг баримт сэлтээр түүхийг баяжуулсан үйл явдал болж байна. 


Үүний зэрэгцээ хөрш орнуудын хамтын ажиллагаа, ойлголцлыг бэхжүүлэх, дайнд оролцсон ахмад дайчдын гавьяаг алдаршуулах, иргэд, олон нийтэд эх оронч-үндэсний үзлийг төлөвшүүлэхэд чиглэжээ.



Related news