Дорнын эдийн засгийн чуулга уулзалт ба Улаанбаатар хотыг хийгээр хангах төсөл

ТОЙМ
delgermaa@yahoo.com
2025-09-08 13:18:42

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/.  Дорнын эдийн засгийн чуулга уулзалтыг Владивосток хотноо энэ жил 10 дахь удаагаа зохион байгууллаа.


Үүний өмнөхөн Хятадын Тяньжин хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалт болж, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг Бээжин хотноо тэмдэглэсэн билээ.


Энэ гурван томоохон үйл ажиллагаа хөндөгдсөн сэдвүүдийнхээ хувьд ч хоорондоо  уялдсан. Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүн нар “Сибирийн хүч-2” хийн хоолойн асуудлаар тохиролцож, Оросын “Газпром”, Хятадын үндэсний газрын тосны корпорац (CNPC)  хоёр хийн хоолойг Монголоор дамжуулан тавихаар санамж бичиг байгуулсан.


“Алс Дорнод-энх тайван, хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа” уриан дор Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохдоо Ерөнхий сайд Г.Занданшатар Оросын Ерөнхийлөгчид бараалхсан. Энэ үеэр Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгчтэй Хятадад уулзахдаа эрчим хүчний асуудлыг түлхүү хөндсөн гэдгээ дурдсан юм.


Энэ удаагийн Дорнын эдийн засгийн чуулга уулзалт болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт манай улсын хувьд нэлээд өгөөжтэй боллоо.


Олон жилийн турш яригдсан хий дамжуулах хоолойн асуудлаар Монгол, Орос, Хятад гурван улс тохиролцоонд  хүрч,  Владивосток хотноо уг төсөлтэй холбоотой бас нэгэн баримт бичгийг байгуулсан нь Улаанбаатар хотыг хийжүүлэх төсөлд хамтран ажиллах тухай санамж бичиг юм.


Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” компанийн  удирдлагыг хүлээн авах үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, “Газпром” компанийн Удирдах зөвлөлийн орлогч дарга бөгөөд Удирдах газрын дарга В.А.Маркелов нар уг баримт бичигт гарын үсэг зурсан. 


“Сибирийн хүч-1”-ийг барихад Оросын тал хийн шинэ орд газрыг ашиглах шаардлагатай болж нэлээд ажиллагаа орсон. Харин “Сибирийн хүч-2”-ын хувьд бол өөр, шинэ орд газарт олборлолт явуулах шаардлагагүй. Энэ төслийн нэг онцлог  нь  хийн хоолойг байгалийн эрс тэс уур амьсгалтай Монголын тал нутгаар, газар доогуур тавихаар төлөвлөөд байгаа.


ОХУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзахдаа, “Сибирийн хүч-2”-ыг тавих эрх зүйн асуудал шийдэгдсэн. Дараагийн алхам бол түүнээс дутахааргүй чухал буюу төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх явдал гэдгийг онцлон хэлсэн. Өөрөөр хэлбэл, гурван тал хэрхэн хөрөнгө оруулалтаа татах, аль улс хувьцааны хэдэн хувийг эзэмших гээд шийдэх асуудал нэлээд байгаа. Ямар ч байсан гурван улсын хамтарсан ажлыг хэсэг байгуулагдана. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Монгол, Орос, Хятадын ажлын хэсгийн хамгийн эхний хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.


Хийн хоолой бол Монголын хувьд чухал асуудал. Энэ төсөл нь манай улсын төсөвт тодорхой хөрөнгө төвлөрүүлэхээс гадна шинэ ажлын байр олноор бий болж, олон жилийн туршид яригдаж байгаа Улаанбаатарын утааг багасгахад үр дүнгээ өгнө. ОХУ-ын Алс Дорнодын бүс нутгийн боомтыг ашиглах нь далайд гарцгүй манай улсад ч хэрэгтэй.


Дорнын эдийн засгийн 10 дахь чуулга уулзалт нь юугаараа онцлогтой болсон талаар тус чуулга уулзалтад оролцсон Хүмүүнлэгийн ухаан их сургуулийн олон улс судлалын профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяраас сонирхоход, “Дорнын эдийн засгийн чуулга уулзалт 2015-2025 онд болж, тэдгээрийн хүрээнд нийтдээ 2740 гаруй гэрээ хэлэлцээр  байгуулсан.  Анх 2016 онд уг чуулга уулзалтад 25 орны 1500 гаруй төлөөлөгч оролцож байсан бол  2025 онд  75 орны 7000  гаруй төлөөлөгч оролцлоо. Зөвхөн 2024 онд гэхэд 314 гэрээ  хэлэлцээр байгуулсан. Мөнгөн дүнгээр авч үзвэл, энэ нь 5.5 их наяд рубль буюу 68 тэрбум ам.доллартой тэнцэнэ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Алс Дорнодын боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд маш их дэвшил гарсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Өргөтгөсөн хуралдаан дээр энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгч маш тодорхой ярьсан. Ер нь бол, аливаа улсын хөгжил дэвшлийн гол жор нь шинэ санаачилга, интеграцчилал, хөрөнгө оруулалт гурав. Гол “артерийн судас” нь суурь бүтэц гэж Оросын ерөнхийлөгч хэлсэн. Энэ нь авто зам, төмөр зам, эрчим хүч бөгөөд чуулга уулзалтын ачаар эдгээр салбарт Алс Дорнодод маш том ахиц гаргасан” хэмээн ярив.


Үүнээс үзэхэд хийн хоолой манай нутгаар дамжин өнгөрөх нь хөгжил дэвшлийн нэг амин судас болох эрчим хүчний асуудлыг шийдэхэд тус дэм болно.


Манай улс 2016 оноос хойш Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад Ерөнхийлөгчийн түвшинд 4 удаа, Ерөнхий сайд, Шадар сайд, Гадаад хэргийн сайд, Сангийн сайдын  түвшинд долоон удаа оролцсон. Манай улс уг чуулга уулзалтыг хөгжлийн хамтын ажиллагааны шинэ гарц, боломж гэдэг талаас нь илүү сонирхдог юм.


Энэ  удаагийн  чуулга уулзалтын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзахдаа "Монгол Улс нь ОХУ-ын хувьд Ази-Номхон далайн бүс нутаг дахь хамгийн итгэлтэй түнш" хэмээн хэлсэн нь мөн олны анхаарлыг татлаа.   

Related news