ӨМНӨГОВЬ: Мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлж 468,6 мянган толгой малыг дархлаажуулалтад хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-09-10 08:51:50

Даланзадгад, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

 

Мал эмнэлгийн ерөнхий газрын 207 дугаар тушаал, Өмнөговь аймгийн Засаг даргын 1186 дугаар захирамжийн дагуу нийт бог малд нялзан өвчний эсрэг дархлаажуулалт хийж байна.

 

Мөн Мал эмнэлгийн газрын 2025 оны наймдугаар сарын 27-ны өдрийн тушаалаар аймгийн хэмжээнд 785000 хонинд цэцэг өвчний эсрэг дархлаажуулалт хийхээр шийдвэрлэсэн бөгөөд 10 дугаар сарын дунд үеэс эхлэн нийт үхэр сүргийг хамруулан шүлхий өвчний эсрэг дархлаажуулалт хийхээр төлөвлөжээ.

 

Дархлаажуулалтад хамрагдсанаар мал сүргийг тухайн өвчнөөр өвчлөхөөс сэргийлэхийн зэрэгцээ мал аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эдийг зах зээлд нийлүүлэхэд эрүүл, аюулгүй байдлыг бүрэн хангах боломжтой юм.

 

Энэ жил Өмнөговь аймгийн хэмжээнд 2 сая гаруй толгой мал өвөлжиж хаваржих төлөвтэй байна.

 

Өмнөговь аймгийн мал эмнэлэгийн дарга П.Одбаяр:

-Орон нутагт голомтлон гардаг мал амьтны 9 төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэхээр 468,6 мянган толгой малыг дархлаажуулалтад хамруулж байна. Мөн мал угаалга, туулга хийх ажлыг зохион байгууллаа. Өмнөговь аймгийн хэмжээнд малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж тайван нөхцөлөө хадгалан ажиллаж байгаа бөгөөд аймгийн Засаг даргын захирамжаар наймдугаар сарын 4-ний өдрөөс нийт 2 аймгийн 3 сая толгой бог малыг бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамрууллаа. Мөн аймгийн хэмжээнд малын гоц халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг тооцох зорилгоор есдүгээр сарын 5-ны өдрөөс аймгийн Засаг даргын захирамжаар 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд гоц халдвар бүртгэгдсэн буюу голомттой, хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлж буй бүс нутгаас малын шилжилт хөдөлгөөн хийхийг бүрэн хориглоод байгаа. Тиймээс мал бүхий иргэдэд зөвлөхөд мал амьтны гоц халдварт өвчингүй эрүүл тайван бүс нутгаас мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээг авч баталгаажуулсны үр дүнд малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдэл хийхийг зөвлөж байна. 

Related news