УИХ-ын дарга Увсчуудтай уулзалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
montsame_user@montsame.mn
2015-09-04 15:42:24

   УИХ-ын дарга бөгөөд АН-ын дарга З.Энхболд өчигдөр өглөө Улаангомд ирж Маршал Ю.Цэдэнбалын талбайд цэцэг өргөсний дараа аймгийн удирдлагуудтай уулзаж, цаг үеийн мэдээлэл сонсоод Улаангом хотын бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, орон нутгийн хэд хэдэн жижиг дунд үйлдвэрийн газраар оров.

  Орой 16:30 цагаас аймгийн “Ойрад” ХЖТ-т иргэдтэй уулзалт хийсэн бөгөөд энэхүү уулзалтад Увсынхан өргөнөөр хүрэлцэн ирсэн байв.

   З.Энхболд дарга хурал дээр хэлэх үгнийхээ өмнөтгөл болгож “Увс аймаг үнэхээр сайхан хөгжиж, өнгө зүс нь ч өөдлөн дэвжсэн байна. Увсчууд 90 жилийн ойгоо угтаж их ажил хийжээ. Ажилсаг, хөдөлмөрч ард түмэн та бүхэнд халуун баяр хүргэе” хэмээн онцолсон юм.

   УИХ-ын даргаас Увсынхан бүсийн нэмэгдэл олгох эсэх тухай, тэтгэвэртээ гарч байгаа багш, эмч нарын тэтгэмжийн хэмжээ, оюутны сургалтын төлбөрийг бууруулах боломж байгаа эсэх, улс орны өрийн хэмжээ, өршөөлийн хуулиар хичнээн авлигачид суллагдах гэж байна гэх мэт олон асуудлаар хариулт авахыг хүсэв.

   Түүнийг дагалдан зөвлөх С.Ламбаа болон УИХ-ын гишүүн Д.Батцогт, С.Одонтуяа, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нар хүрэлцэн ирсэн байв.

   УИХ-ын дарга З.Энхболд маргааш хотон ястны өлгий нутаг Увс аймгийн Тариалан суманд ажиллаад үдээш хойш нь бараа бологсдын хамтаар улсын Нийслэлийг зорино.

Б.Батхүү

Related news
Comments