БАЯНХОНГОР: Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 17-нд зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-09-15 11:36:50

Баянхонгор, 2025 оны есдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Төрийн албаны 2025 оны гуравдугаар улирлын ерөнхий шалгалтын цахим бүртгэлд аймгийн хэмжээнд 91 иргэн бүртгүүлжээ.

Шалгалт энэ сарын 17-24-нд орон даяар болох бөгөөд Баянхонгор аймагт энэ сарын 17-ны өдрийн 08:30 цагаас эхлэн таван ээлжээр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хурлын танхимд хуваарийн дагуу зохион байгуулна.

Шалгалтад оролцогч иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзлэх шаардлагатай. Шалгуулагчид ерөнхий мэдлэг, монгол хэл бичиг, дүн шинжилгээний 100 асуултад хариулж 100 оноо авахаас босго оноо 60.


"Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 2023 оноос эхлэн Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа /улиралд нэг/ авч байгаа. Ингэснээр төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлж, шалгалт өгөхөөр хүлээж буй иргэдийн хүлээлтийн хугацаа богиносон, цаг хугацаа хэмнэх боломжтой болсон. Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны ерөнхий шалгалтад оролцогчдод зориулсан “Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгавар” номыг цахим болон цаасан хувилбараар гаргасан бөгөөд энэхүү номын агуулгаар шалгалтын сэдвийг боловсруулсан" гэдгийг Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлөөс мэдээлэв.

Шалгалтын ил тод байдлыг хангах үүднээс бусад шалгуулагчид болон иргэдэд шалгалтын үйл явцыг дэлгэцээр ажиглах боломж бүрдүүлж, хянах дэлгэцийг Баянхонгор аймгийн ЗДТГ-ын нэгдүгээр давхарт хүлээлгийн хэсэгт байршуулсан байна.

Баянхонгор аймгийн хэмжээнд төрийн албанд 181 байгууллагад 5000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.

Related news