“Alphabet”-ийн үнэлгээ 3 их наядаас давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-09-16 15:25:55

ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 16 /CNBC/. Америкийн “Alphabet” компанийн хувьцааны ханш даваа гарагт 4 гаруй хувиар өссөнөөр зах зээлийн үнэлгээ нь “Nvidia”, “Microsoft”, “Apple” компаниудтай эн зэрэгцэх түвшинд хүрчээ.


Тодруулбал, “Alphabet”-ийн зах зээлийн үнэлгээ арилжаа хаагдах мөчид 3.05 их наяд ам.долларт хүрсэн байна. Монополийн эсрэг нэхэмжлэлийн талаар шүүгчийн гаргасан шийдвэртэй холбоотойгоор хувьцааны ханш есдүгээр сарын эхээр ихээхэн өссөн юм. Тус компани хувьцаа эзэмшигчдийн таамаглаж байснаас хөнгөн шийтгэл хүлээхээр болсон билээ.


Alphabet”-ийн ханш энэ жил 30 гаруй хувиар өсөөд байгаа бол “Nasdaq” индекс 15 хувиар өсжээ. Зах зээлийн үнэлгээ гурван их наяд ам.долларт хүрсэн үйл явдал нь “Google”-ийг IPO хийснээс хойш ойролцоогоор 20 жилийн дараа, “Google”-ийг үндсэн охин компани болгон “Alphabet”-ийг холдинг компани болгосноос хойш 10 гаруй жилийн дараа тохиож байна.


Гүйцэтгэх захирал Сундар Пичай 2019 онд үүсгэн байгуулагч Ларри Пейжийн халааг авч “Alphabet”-ийн гүйцэтгэх захирал болсон юм. Өдгөө С.Пичай хиймэл оюун ухааны салбар дахь өрсөлдөөнөөс гадна АНУ, Европын зохицуулах байгууллагуудын зүгээс компанийн эсрэг гаргасан шийдвэрүүдийг зохицуулах асуудалтай тулгараад байна.


“Perplexity” болон “OpenAI” компаниудын үнэлгээний өсөлт нь “Google”-ийн хувьд монополийн асуудлаар ашигтай шийдэлд хүрэхэд тус дөхөм болжээ. Тус компани “Gemini”-гийн тусламжтайгаар хиймэл оюун ухааны салбарт томоохон тоглогч болохыг эрмэлзэж байна. “Gemini” бол “Google”-ийн амжилттай хөгжүүлж буй хиймэл оюуны загвар юм.

 


Related news