ЗАВХАН: Аймгийн төвийн шугам сүлжээний нэгдсэн бүртгэлийг хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-09-18 15:49:50

Улиастай, 2025 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Завхан аймаг шинэ цэвэрлэх байгууламжтай болж, аймгийн төвийн шугам сүлжээний бүртгэлийг хийнэ.


Завхан аймгийн төвийн инженерийн шугам сүлжээг шинэчилж байгаатай холбогдуулан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр аймгийн “Амь-Ус” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, ажлын нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудыг ярилцлаа.


Тэрээр цэвэр усны үнийн зөрүүгээс алдагдал хүлээж буй байдлыг иргэдийн нуруун дээр үүрүүлэхгүй, орон нутаг хариуцах байр суурьтай байгаагаа хэлж, тодорхой чиглэлүүдийг үүрэг болгосон. Завхан аймаг шинэ цэвэрлэх байгууламжтай болохтой холбогдуулан тус компанид гарах үйл ажиллагааны зардал, шинэ орон тооны асуудлыг ирэх оны төсөвт тусгуулах.


Аймгийн хэмжээний шугам сүлжээний бүх бүртгэлийг Орон нутгийн өмчийн газартай хамтарч хийх. 1990 оноос өмнөх үеийн зарим шугам сүлжээг хулгайгаар борлуулсан гэх асуудлыг аймгийн Цагдаагийн газартай хамтран тодруулж, орон нутгийн өмчид эргүүлэн авахыг үүрэг болголоо. Мөн аймгийн төвд дулааны станц барьж байгаатай холбогдуулан шинэчлэх 14,8 км цэвэр усны шугам, Улиастай сумын Өлзийт багт шинээр тавьж буй 12 км шугамуудын ажлын явцад хяналт хийх, хамтарч ажиллахыг аймгийн "Амь-Ус" ХХК-д сануулав. Усны нөөцийн эх үүсвэрийг хамгаалах, энэ хэсэгт барилга бариулахгүй гэсэн мэдээллийг иргэдэд заавал хүргэхийг санууллаа.


Мөн үеэр аймгийн хэмжээнд тулгамдсан асуудлын нэг бол бохир соруулах авто машины хомсдол байсан. Тиймээс орон нутгийн төсвөөр худалдан авсан сумдын бохирыг соруулах, зөөх 2 шинэ авто машиныг “Амь-Ус” ХХК-д хүлээлгэн өглөө. Бохир соруулах, зөөх авто машинтай болсноор сумдад үйл ажиллагаа явуулж байгаа төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэд дуудлагаар бохироо соруулуулах боломжтой болж байгаа юм хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Ташрамд, Улиастай сумын 3000 шоо м/куб бүрэн автомат цэвэрлэх байгууламжийн төсөл, Польш улсын хөнгөлөлттэй зээлээр санхүүжиж байна. Энэ оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Амь-Ус ХХК-ийн инженер, техникийн ажилтнууд

Related news