Л.Месси “Интер Майами”-тай байгуулсан гэрээгээ сунгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-09-18 17:17:09

МАЙАМИ, 2025 оны есдүгээр сарын 18 /Reuters/. Аргентины алдарт хөлбөмбөгчин Лионел Месси Интер Майами” клубтэй байгуулсан гэрээгээ сунгахад тун ойрхон байна гэж ESPN суваг лхагва гарагт мэдээлжээ


Тодруулбал, талууд яриа хэлэлцээний эцсийн үе шатанд явж байгаа бөгөөд жижиг асуудлуудыг эцэслэн шийдвэрлэх үлдээд байгаа ажээ. Харин гэрээний үнийн дүнгийн талаар мэдээлээгүй байна.


Өдгөө 38 настай Л.Месси 2023 онд “Интер Майами”-д ирсэн бөгөөд түүний гэрээний хугацаа энэ онд дуусах юм. Энэ улиралд тэрбээр лигийн 21 тоглолтод 20 гоол оруулснаар Major League Soccer лигийн /MLS/ хоёрдугаар байрт бичигдэж байна. Мөн 11 оновчтой дамжуулалт өгсөн үзүүлэлтээр зургаадугаарт жагсаж байна. Өнгөрсөн улиралд тэрбээр 20 гоол /лигийн хоёрдугаарт бичигдсэн/ оруулж, 16 оновчтой дамжуулалт /гуравдугаарт/ өгчээ.


Ингэснээр “Интер Майами”-гийн бүрэлдэхүүнд лигийн 46 тоглолтод оролцохдоо Л.Месси 41 гоол оруулж, 27 оновчтой дамжуулалт өгсөн байна. Харин нийт 62 тоглолтод оролцохдоо 54 гоол оруулжээ. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог “Алтан бөмбөг” шагналыг найман удаа хүртсэн тэрбээр 2004-2021 онд Барселона, 2021-2023 оны хооронд Пари Сен-Жермен”-д хүчин зүтгэж байв.


MLS-д элссэн даруйдаа Л.Месси Интер Майами”-д 2023 оны лигийн цомыг өргөхөд тусалсан билээ. Одоогоор “Интер Майами клуб MLS-ийн зүүн бүсийн зургаадугаарт бичигдэж байгаа бөгөөд энэ бямба гарагт талбай дээрээ Д.С.Юнайтед”-тай тоглоно.


Аргентины шигшээ баг 2022 оны ДАШТ, 2021, 2024 онд “Копа Америка”-д түрүүлэхэд Л.Месси үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

 


Related news