Чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2016-11-14 13:50:59

“Чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр”-ийг жил бүрийн 11 дүгээр сарын 14-нд буюу өнөөдөр Дэлхийн нийтээрээ тэмдэглэж, улс орнууд энэ өвчний талаар олон нийтэд мэдээлэл түгээж тодорхой арга хэмжээ зохион байгуулдаг.

Чихрийн шижин өвчтэй олон сая хүний амийг аварсан “инсулин” нэртэй эмийг нээсэн Фредерик Бантингийн төрсөн өдрийг ийнхүү аюулт өвчний эсрэг тэмцэх өдөр болгон өргөн тэмдэглэх болжээ. Манай улс 1990-ээд оноос хүн амын өвчлөл, эндэгдлийн шалтгааны бүтцэд өөрчлөлт орсон гэж үздэг. Хүний амьдралын хэв маяг, дадал зуршил зан үйлээс хамааралтай цусны эргэлтийн тогтолцооны өвчин хорт хавдар болон чихрийн шижин хоёр давамгайлах болсон. Халдварт бус өвчлөлийн тоо нэмэгдэж нийт өвчлөлийн 75-80 хувийг шинэ өвчлөл эзэлж байна.

Чихрийн шижинтэй тэмцэх хамгийн гол зэвсэг бол энэ өвчний талаар сайн мэдээлэлтэй, урьдчилан сэргийлэх аргыг таниулан сурталчлах юм. Хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгон, зохистой хооллож, биеийн тамир, дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр зөвхөн зүрх судасны өвчнийг 80 хувиар бууруулаад зогсохгүй чихрийн шижингийн  хоёрдугаар хэлбэрийг 90 хүртэл хувиар, хавдрын тохиолдлыг 1/3-ээр бууруулах боломжтой.

Чихрийн шижингийн тархалт дэлхийн хэмжээнд нийт хүн амын дунд 7 хувь гаруй байна. Өнөөдөр чихрийн шижинтэй өвчтөн 285 сая байгаа бөгөөд 2030 онд энэ тоо 438 сая болж дэлхийн хүн амын 10 хүн тутмын нэг нь чихрийн шижингээр өвдөх магадлалтай гэж чихрийн шижингийн олон улсын хорооноос мэдээлж байгаа юм.

Монгол Улсад чихрийн шижингийн өвчлөл 1970 онд 50 тохиолдол байсан бол 2010 онд 7251 тохиолдол болж өссөн нь үнэхээр аюулын харанга дэлдэж байгаа юм.

Д.Өлзий

Related news