СЭЛЭНГЭ: Эрхүү хотын үндэсний судалгааны техникийн их сургуулийн багш, оюутнуудын баг зочиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-09 11:37:10

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Эрхүү хотын үндэсний судалгааны техникийн их сургуулийн багш, оюутнуудын баг Сэлэнгэ аймагт зочилж байна.

 

Зочин багийнхан Сэлэнгэ аймагт математик, физик, нийгмийн ухааны хичээлийн олимпиад, гадаад хүнд орос хэл заах арга зүйн сургалтыг зохион байгуулж, урлагийн тоглолт толилууллаа.

 

Мөн бакалаврын хөтөлбөрийн элсэгчдэд зориулсан "Engineers iPolytech" олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчдад батламж олгов. Энэ нь тус сургуульд элсэн суралцахад болон ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр аль нэг их сургуульд элсэхэд чухал үзүүлэлт болдгоороо давуу юм.

 

Зочид Эрхүү хотод байрладаг Оросын тэргүүлэх техникийн их сургуулиудын нэг болох Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их Сургууль (ИрНИТУ) болон "En+" компанитай хамтарч авьяаслаг залуусыг Орос улсад үнэ төлбөргүй суралцахыг урилаа.

 

Тус сургуульд суралцсанаар Цахилгаан эрчим хүчний инженер, Дулааны эрчим хүчний инженер мэргэжлээр бакалаврын зэрэг олгох хөтөлбөрүүдэд хамрагдаж орос хэл сурах бэлтгэлийн факультет, Эн+ компанийн обьектууд дээр дадлага хийх юм.

 

Суралцагсдад бүх зардлыг нь даах бөгөөд үнэ төлбөргүй сурах, оюутны дотуур байр, өдөр бүрийн хоол, эрүүл мэндийн даатгал, сар бүрийн оюутны стипенд авах гээд олон давуу үйлчилгээг үзүүлдэг байна. 

 

Одоогоор тус сургуулийн эрчим хүчний салбарт 27 монгол оюутан суралцаж байна.

 

Related news