Л.Бадамболор: Самбар бол бидний хамгийн том зургийн дэвтэр
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Энэ багш бол нийслэлийн ерөнхий боловсролын 145-р сургуулийн бага ангийн багш Лувсандоржийн Бадамболор юм. Тэрбээр өнгийн шохойгоор хүүхдийн төсөөллийн ертөнцийг ангийн самбарт ийнхүү урлаж, хичээлийг баяр баясгалантай өрнүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлдэг байна.
Самбарын зураг нь бага ангийн хүүхдийн гоо зүйн мэдрэмжийг төлөвшүүлэхэд төдийгүй анхаарал төвлөрөл, өнгө ялгах чадвар, орон зайн баримжаа олгох, уран сэтгэмжийг хөгжүүлэхэд туйлын их нөлөөтэй байдаг ажээ.
Тэрбээр энэ тухайгаа, “Самбар бол миний болон бидний хувьд хамгийн том зургийн дэвтэр төдийгүй багш нь сурагчаа хүндэтгэх, хөгжүүлэх сэтгэлийн толь, сурагчид нь багшаараа бахархах итгэлийн нэгдэл" хэмээн тодотгоод "Сурагчдын маань хувьд миний зурсан зураг зөвхөн самбар дээрх зураг төдий биш сэтгэлд нь үлдэх дурсамж юм. Харин миний хувьд сурагчиддаа өгөх урам зориг, итгэл юм. Тиймээс сурагчид маань өнөөдөр ямар хичээлтэй, багш ямар агуулгатай зураг зурах бол гэж хичээлдээ догдолж ирцгээдэг. Зурсан зургийг маань дуу алдацгаан хүлээж авдаг болохоор би зурах дуртай” хэмээн ярьсан юм.
Самбар, шохой хоёроор ч хичээлийг сонирхолтой зааж болдгийг харуулж яваа Л.Бадамболор багшийн самбарын зургууд хүүхэд бүрийг өөр өөрсдийн өнгөөр хөгжүүлэхэд ямархан чухал хөшүүрэг болж буйг харахад бахархалтай сайхан байлаа.
Л.Бадамболор багш дүрслэх урлаг болон бусад хичээлийн хоорондын уялдаа, агуулгын холбоо хамаарлыг зургаар илэрхийлэх үүднээс өнгөрсөн хичээлийн жилд 25-30 орчим цагийн хичээлийг самбарын зургаар таниулжээ.