MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Уран бүтээлч О.Золбоотөгөлдөр үзэгчдийг тэсвэр хатуужлын нууцлаг ертөнцөөр аялуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-13 12:29:19

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Уран бүтээлч О.Золбоотөгөлдөрийн “Нугарсан ч хугарахгүй II: Миний тусгаарлагдсан өдрүүдийн тэмдэглэл” үзэсгэлэн үзэгчдийг сэтгэлийн шарх, дурсамж дуртгал болон тэсвэр хатуужлын нууцлаг ертөнцөөр аялуулж байна.


“Эрин жаргам соёл” ТББ болон “Норпей” уран зургийн галерей хамтран Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих долоо хоногийн хүрээнд зохион байгуулж буй эл үзэсгэлэнд урлаг нь нийгмийн толь ч болдог, эм ч болдгийн жишээ бүхий 35 бүтээлийг дэлгэжээ.


Уран бүтээлч О.Золбоотөгөлдөрийн бүтээлд эдгэрэл гэдэг нь мартахын нэр бус, харин өр нинжин сэтгэлээ тэвэрч, шарх сорвитойгоо хамт амьдрахуйг сануулсан дүрст бясалгал аж. Түүний өнгөлөг атлаа эвдэрхий мэт харагдах бүтээлээс эдгэрэл гэдэг нь тэсвэр тэвчээр шаардсан урт удаан үйл явц гэдгийг тод томруунаар харж болно.


Уран бүтээлч О.Золбоотөгөлдөр ярихдаа, “Үзэсгэлэнгээр дамжуулан сэтгэцийн эрүүл мэндийн хувьд асуудал үүссэн, ямар нэгэн байдлаар тусламж хэрэгтэй хүмүүст бид бүгд адил төстэй, та ганцаараа биш, бэрхшээл бүхэн түр зуурынх гэдэг санааг хүргэхийг хүссэн. Мөн хүний дотоод сэтгэл гэдэг хүнд хэлж ойлгуулахад хэцүү байж болох ч зарим талаар дүрслэх урлагийн бүтээлээр илэрхийлж болно гэсэн санааг тусгахыг зорьсон юм. Олон нийтийн сүлжээ болон цахим ертөнцөд тархи үргэлжид завгүй байдаг энэ эрин цаг үед өөрөө өөртэйгөө байх, өөрийгөө ойлгох тусгаарлагдсан цаг хугацаа, орон зайг өөртөө гаргах хэрэгтэй гэсэн үүднээс үзэсгэлэнгээ ийнхүү нэрлэсэн. Миний бүтээлийн суурь нь дижитал боловч нэмж холимог техникээр ажилласан. Цаашид дижитал суурьтай холимог техникийн үзэсгэлэн нээхээр төлөвлөж байна” хэмээв.


Тус үзэсгэлэн энэ сарын 17 хүртэл үргэлжилнэ.

Ташрамд дурдахад, "Ярилцацгаая: Монгол Улсын оюутан залуусын сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулах нь” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй "Нугарсан ч хугарахгүй" цувралын хоёр дахь үзэсгэлэн юм.




 

Related news