СЭЛЭНГЭ: Сөүл хотын Самёок их сургуульд 30 хувийн тэтгэлгээр сургана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-17 10:30:16

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Сөүл хотын Самёок их сургуулийн төлөөлөгчид Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирж, Сүхбаатар, Цагааннуур, Зүүнбүрэн, Ерөө, Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, эцэг эхчүүд, багш нарт сургуулийнхаа талаар танилцуулга мэдээллийг хүргэлээ.   


Уулзалтын үеэр хамтын ажиллагааны хүрээнд зөвхөн Сэлэнгэ аймгийн харьяалалтай бол 30 хувийн тэтгэлэгтэй суралцах боломжийг бүрдүүлж өгнө гэдгээ Самёок их сургуулиас дуулгалаа.


Оюутан, залуучуудын авьяас чадварыг хамтран хөгжүүлэх, олон улсын боловсролын солилцоог дэмжих зорилгоор БНСУ-ын Сөүл хотын Самёок их сургууль болон Сэлэнгэ аймаг “Нутгийн оюутан” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.    

 

Аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Нутгийн оюутан” хөтөлбөр нь орон нутагт эрэлттэй мэргэжлээр гадаад, дотоодын их дээд сургуульд амжилттай суралцаж буй Сэлэнгэ аймгийн харьяат оюутан, суралцагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, боловсрол эзэмших боломжийг олгох, орон нутгийнхаа хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах зорилготой.    

 

Тус хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын их сургууль, Хиагт аймаг, БНСУ-ын Жэжүгийн олон улсын их сургууль, Сөүл хотын Самёок их сургууль, Бусан хотын Кённам Чонбу их сургуульд хүүхэд багачуудыг сургах, багш, сурагч солилцох, шинээр мэргэжил эзэмшүүлэх, мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.   


Энэ оноос БНСУ-ын Кённам чомбу их сургууль болон Сэлэнгэ аймаг хамтран ажиллах гэрээ байгуулсны үр дүнд тус сургуульд хөнгөлөлттэй нөхцөлөөр 18 оюутан элсэн суралцаад байна.

Related news