ӨВӨРХАНГАЙ: Он дамжсан барилгуудыг энэ онд багтаан дуусгах шаардлага тавьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-11-05 08:02:08

Арвайхээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 40.8 тэрбум төгрөгийн төсөвтэй 36 барилга он дамжин барьж байна. Эдгээр барилгын үлдэгдэл санхүүжилт 2026 оны улсын төсөвт суусан ч энэ онд бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахыг аймгаас шаардаж байгаа юм.


Тухайлбал, тус бүр улсын төсвийн 7.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2024 онд эхлүүлсэн Хархорин болон Арвайхээр сумын II сургуулийн 320 хүүхдийн хичээлийн барилга 85 хувийн гүйцэтгэлтэй байна. 2.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Уянга сумын 2 дугаар сургуулийн 100 ортой дотуур байрны барилгын ажлын явц 90 хувьтай, Сант сумын ЕБС-ийн 250 суудалтай спорт заалны барилга 70 орчим хувьтай барьж байна.



Мөн 2022 онд эхлүүлсэн ч өнөө хэр дуусаагүй байгаа Уянга суманд сургуулийн барилгын урлаг заал, номын сан бүхий өргөтгөл, Баруунбаян-Улаан сумын Соёлын төв, Хархорин сум дахь 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилгыг энэ онд багтаан ашиглалтад оруулахыг шахаж байгаа юм.


Түүнчлэн одоогоор Баруунбаян-Улаан, Зүүнбаян-Улаан, Хужирт суманд Эрүүл мэндийн төвийн барилга бүрэн дуусаж байгаа бол Арвайхээр суманд Татварын хэлтсийн өргөтгөл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв, тусгай хэрэгцээт 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга тус тус барьж байна.

Related news