ДОРНОГОВЬ: Зураг, шүлэг хоёр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-11-06 16:12:47

Сайншанд, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн “Дорнын тусгал” гэрэл зургийн холбоо, Монголын зохиолчдын “Хурмаст тэнгэр” төв, аймгийн Музей сургалт, судалгааны төвтэй хамтран "Урланд ирсэн намар" яруу найрагч, гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэнг 11 дүгээр сарын 1-нд Сайншанд сумын Музей, сургалт судалгааны төвийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэлээ.


Энэхүү үзэсгэлэнд гэрэл зурагчид, яруу найрагчид бие биеийнхээ уран бүтээлд шинээр бүтээл туурвин, түүнийгээ олон 

нийтэд дэлгэн үзүүлсэн байна. Гэрэл зурагчид яруу найрагчдын шүлгэнд зориулж говийн байгалийн сайхан, хүн зоны амьдралыг харуулсан хөрөг зураг, мөн хийсвэр сэтгэлгээний төрлөөр бүтээл туурвисан бол яруу найрагчид мөн л гэрэлд зурагчдын бүтээлд зориулж шүлэг урлажээ. Энэ удаа сэтгүүлч яруу найрагч, Э.Эрдэнэдалай, залуу гэрэл зурагчин Г.Ганбаяр нарын бүтээлийг хүргэж байна.


Э.Эрдэнэдалай МУИС-ийн НШУС-ийг олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгсөж СУИС-ийн Соёлын сургуулийг соёл урлагийн магистр, Унгар улсын Өтвөш Лорандын Их сургуулийн Монгол ба Төв Ази судлалын тэнхимд “Erasmus” хөтөлбөрийг дүүргэжээ. Одоо МУИС-ийн ХУС-ийн монгол хэл шинжлэлийн докторантурт суралцаж байна.


Тэрбээр 1997 оноос Монгол Улсын хүний гавьяат эмч Х.Цэрэндоржийн “Шүрэн чагнуур” утга зохиолын дугуйланд боловсорч 2012 онд “Дорноговийн зохиолчдын цоморлиг-1” антологи, 2013 онд “Хуучин дэлхий” яруу найргийн түүвэр, “Шинэ мянганы яруу найраг” антологи, 2018 онд “Миний будда” яруу найргийн ном хэвлүүлж, 2019 онд Дорноговийн залуу зохиолчдын “Мянган толгодын орон” антологи, 2024 онд “Дорнын алтан аялгуу” Дорноговийн зохиолчдын цоморлиг-2 бүтээлд шүлгээ нийтлүүлж байжээ.


Гэрэл зурагчид, яруу найрагчдын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнд гэрэл зурагчин Г.Ганбаярын авсан зурганд "Улаан орхимжны зад" нэртэй шүлэг туурвижээ. Харин Г.Ганбаяр 2025 онд АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийг лабораторийн техникч мэргэжлээр төгссөн. 2018 оноос гэрэл зураг сонирхон авч эхэлсэн бөгөөд creative, street, cinematic чиглэлийн гэрэл зураг авдаг байна. Гэрэл зурагчин, яруу найрагч хоёрын бүтээлийг хүргэж байна.


 Гэрэл зурагчин  Г.Ганбаяр




"Улаан орхимжны зад"   Яруу найрагч, сэтгүүлч Э.Эрдэнэдалай


Явдар хадаг шиг цагийн салхин намжив уу

Яарч, ижийдээ түргэн хувилаасай билээ

Босоо цагаан гэрлээр тэмдэг хатгасан гэв үү

Бор өргөөндөө залран мэндлээсэй билээ

Дадар, дадар хиурны үсэг даянд хийсэхгүй гэлээ

Догшин ноён хутагт минь орхимжоо намираа

Намирсан орхимж тань аяндаа

Номт гурван орны улаан үсэг болно

Ёвиргон зант цагийн ороо үйл нь намжив уу

Ёслол юугаа таниад тодроосой билээ

Бурсан олон хувраг тань номонд цангалаа гэв үү

Баринтаг цээжний тарниа дэлгэрүүлээсэй билээ

Хэдэр, хэдэр салхинд судрын үсэг хийсэхгүй гэлээ

Эрдэнэ ноён хутагт минь орхимжоо дэрвээ

Дэрвэсэн орхимж тань аяндаа

Эгэл олон түмний улаан шашин болно

Үзэгдэл дүрст явдлын оньс түгжээг мулталж

Үзээрийн дүртэд мэтийг дараасай билээ

Соён гийхээр шавь нар чинь цугларлаа гэв үү

Солгой ганлингийн чийрнээс авраасай билээ

Бадар судрын навчин цээжинд хийсэхгүй гэлээ

Гэгээн ноён хутагт минь орхимжоо жигдрээ

Жигдэрсэн орхимж тань аяндаа

Бий, хоосон бүхний улаан тавилан болно

Сайн цагийн галавыг оюуны цэнгэлд мандаагаад

Тэрсүүдийн зэтгэр түйвээнийг тонилгоосой билээ

Салалт үгүй учралдсан түмэн насны алдраа

Тэмдэгт шадар нугууддаа хүртээгээсэй билээ

Орхимж юугаа асаасан гэрэлт ноён хутагт минь

Омгийг залгиж даруулсан огторгуйн улаан утгат минь

Хэнхдэг доторх сүмдээ би насан галавтаа завилах болно

Хий салхинд ч орхимж минь сурталт улаан дигваранз болно

2025.10.28


Related news