ЗАВХАН: Нутгийн хойд болон зүүн хэсгээр хамгийн хахир хүйтэн өвөл болдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-11-06 16:32:08

Улиастай, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн нийт нутаг хотгор гүдгэрийн ялгаа ихтэй учраас өвөл, зуны температурын хэлбэлзэл ихтэй байдаг тухай аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.


Агаарын температур нь аливаа нутгийн уур амьсгалын үндсэн шинжийг илтгэгч гол үзүүлэлт болдог. Олон жилийн агаарын температур 0.7 градусаас хасах 6.9 градус хэлбэлзэнэ.


Өөрөөр хэлбэл, Завхан аймгийн жилийн дундаж температурын агууриг 7.6 градус болж байна. Жилийн дундаж агаарын температур аймгийн нутгийн баруун, баруун өмнөөс зүүн, зүүн хойшоо хүйтэрсэн тархалттай байна. Жилийн хүйтэн сар нь аль ч нутагтаа нэгдүгээр сар байдаг. Тухайлбал, аймгийн хойд болон зүүн хэсгээр сарын дундаж температур 28-32 градус хүрч, хахир хүйтэн өвөл болдог байна. Зарим хүйтэн өвөл Хангайн нуруу, Тарвагатай, Булнай, Тагнын нурууны сав нутгаар 49-56 градус хүрч хүйтэрдэг.


Жилийн дулаан сар нь долоодугаар сар байх бөгөөд хамгийн дулаан нь Завхан голын дагуу Монгол элсний ар орчим болон их нуурын хотгорын сав орчмоор 17-21 градус бусад нутгаар 14-18 градус дулаан байдаг. Зуны улиралд хөрсний гадаргад 54-68 градус хүртэл халдаг учраас хөрсний гадаргын температурын хэлбэлзэл бүр ч их буюу 110-127 байдаг онцлогтой гэв.

                                                                                                                   Завхан аймаг, Тосонцэнгэл сум 2024 оны 9-р сарын 18

Related news