ХӨВСГӨЛ: Гэр бүлийн боловсрол олгох сургалтад бүх байгууллага оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг 11 дүгээр сарыг “Гэр бүлийн боловсрол, хариуцлагыг дээшлүүлж, хүүхдийн хөгжил, хамгааллын ажлыг эрчимжүүлэх сар” болгон зарласан.
Энэ хүрээнд "Гэр бүл үүрэг хүлээгч болох нь" гэр бүлийн боловсролын сургалт, хэлэлцүүлгийг аймгийн хэмжээнд өнөөдөр бүх байгууллагад нэгэн зэрэг зохион байгууллаа.
Тус сургалт, нөлөөллийн ажил нь гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, эцэг эхчүүдийн хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, гэр бүл дэх эерэг харилцаа, ажил, амьдралын тэнцвэрийг дэмжих, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжилтийг сайжруулах зорилготой юм.
“Сургалтыг зохион байгуулснаар гэр бүлд чиглэсэн бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилт сайжирч, гэр бүлийн нэгдмэл, тогтвортой, аз жаргалтай, дэмжлэгтэй орчныг бүрдүүлэх, улмаар нийгмийн харилцааны зөв соёлтой, боловсролтой, оролцоотой, бүтээлч иргэн төлөвшихөд хувь нэмэр оруулж байна” гэдгийг Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ч. Дашбаяр ярилаа.

Ulaanbaatar