ЗАВХАН: Элсний бэлчээр тэмээ болон бог малд тохиромжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Завханы Ургамал, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан, Сантмаргаз сумын нутгийн 35.28 хувь нь цөлжүү хээрийн бүс бөгөөд элсний бэлчээр нутаг нь тэмээний эх нутаг юм.
Говь цөлийн элсний бэлчээр нь өвөл, хаврын улиралд тэмээ, бог малд тохиромжтой.
Завхан аймгийн нутагт Монгол элс, Бор хярын элс, Сэврэн улааны элс, Улаагчийн элс, Борхын элс, Сулин адаг элс, Ар загийн элс, Хомын элс зэрэг элсэн манхануудтай тул тэдгээрийн нөлөөгөөр нийт аймгийн хэмжээний бэлчээрийн 6.29 хувь нь элсний нүүлттэй болсон байна.
Энэхүү говийн довцог бөөрөг элсний
сул бэхэжсэн элсний бэлчээрт үндэслэг ишт үетэнт бүлэг төрлийг сульт, шимэрс-
суль-элсний шарилжит төрлийн бэлчээр зонхилж байна. Сульт элсний бэлчээрийн 100
ам метр талбайд 8-10 зүйл ургамалтай, тэдгээрээс малын идэмж дундаас сайтай
ургамал 8-аас цөөнгүй зүйлтэй байна. Энд 3.5-5.18 ц/га өвсний ургацтай, түүний
95 хувийг дан ганц хар суль эзэлдэг. Ногооны шимт чанарын хувьд дунд зэрэг буюу
хуурай бодисын 5.6 хувь уураг, 6.5 хувь тослогтой байна. Говийн цөлжүү хээрийн бүсийн бэлчээр нутгийг элсний нүүлтээс хамгаалахын тулд мэргэжлийн байгууллагууд судалгаа хийх, малчид, орон нутгийн иргэд элсний нүүлтээс сэргийлж говийн хөрсөнд тохирсон мод, бус тарих, малчид бэлчээр нутгаа амрааж, сэлгэх шаардлагатай юм.
Завхан аймаг байгалийн гурван бүсэд хамаардаг цөөхөн аймгийн нэг юм. Отгон, Их-Уул, Тосонцэнгэл зэрэг зүүн ба хойд хэсгийн 14 сум өндөр уулын бүсэд, Алдархаан, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Сантмаргац, Шилүүстэй, Эрдэнэхайрхан, Завханмандал гэсэн 7 сум Их нуурын хотгор ба говийн Алтайн бүсэд хамаардаг.
Завхан аймгийн байгалийн бэлчээр нь 8330627.25 га, үүнээс мал сүргийг хэрэгцээт тэжээлээр хангах тохиромжтой 6960989.34 га буюу 83.56 хувь, бэлчээр нутаг 51 хувь байна.
Харин бэлчээрт
ашиглах боломжгүй мөнх цас, хад, цохио, асга бүхий 1369637.91 га буюу 16.44
хувь талбай байна.
Цөлжүү хээрийн бэлчээр нь Дөрвөлжин, Эрдэнэхайрхан, Сантмаргад, Завханмандал, Ургамал зэрэг сумдын нутагт зонхилж тэмээ, бог малд тохиромжтой нутаг болдог. Зун, намрын улиралд тэмээнд тохиромжтойгоос нэн тохиромжтой 45.4 хувь бэлчээр нутгийн ихэнхийг говийн бүсийн сумдын цөлжүү хээрийн бэлчээр эзэлж байна хэмээн аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Ургамал сумын нутаг
Ulaanbaatar