Төслийн явцад эцэг эх, багшийн холбоог байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-11-19 00:15:17

Хөвсгөл аймагт “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн “Харилцан суралцъя” бүсийн анхдугаар чуулган боллоо.

Глоб Интернэшнл төв нь Дэлхийн банкны санхүүжилтээр “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийг 2014-2018 онд хэрэгжүүлж байгаа бөгөөд төсөл нь боловсролын төсөв, худалдан авах ажиллагааны ил тод үйл явцыг сайжруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилтот аймаг, сумдад боловсролын илүү сайн, чанартай үйлчилгээ хүргэхэд хувь нэмэр оруулах зорилготой аж. Төслийн зорилтот аймаг, сум, сургуулиудад нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслүүд болох сайн сургуулийг дэмжих аргачлал, боловсролын төсөв, худалдан авах ажиллагааг нягтлах аргачлалын дагуу үнэлгээ мониторинг хийж,  эцэг эх, багшийн холбоо байгуулжээ.

Сургуулийн эцэг эх, багшийн холбоо нь багш, эцэг эхийг сургуулийн үйл ажиллагаанд бүтээлчээр оролцдог, асуудлыг хамтран хэлэлцдэг, шийдлийг олоход туслах үр дүнтэй, шинэ хэлбэр гэнэ. Түүнчлэн сургуулийн нийт хамт олон, багш, сурагч, эцэг эх хамтран сургуулийнхаа тулгамдсан асуудлуудыг тодорхойлох, шийдвэрлэх арга зам нь сайн сургуулийг дэмжих аргачлал гэж үзэж байлаа. Мөн төлөөлөгчид төслийн хугацаанд өөрсдийн сурч мэдсэн мэдлэг, олсон мэдээлэл, хуримтлуулсан арга туршлага, алдаа оноогоо ярилцан хэлэлцлээ.

Бүсийн чуулганд Архангай, Булган, Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нар, аймгуудын ЗДТГ-ын боловсролын төсвийн болон худалдан авах ажиллагааны мэргэжилтнүүд, түүнчлэн төслийн зорилтот 10 сургуулийн захирал, багш, эцэг эх, төрийн бус байгууллагын 60 гаруй төлөөлөгч оролцлоо.

Б.Гантуяа 

Related news