Сэлэнгэ аймагт захиргааны зөрчил гарах нь их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 15:31:26

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мэдээлж байна

Оны эхний 9 сарын байдлаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал, Баянгол, Сайхан сумд Шаамар сумын Дулаанхаан тосгонд захиргааны зөрчил нэлээд үйлдэгджээ.

Энэ хугацаанд Сүхбаатар суманд 5305, Баянгол суманд 3671, Мандал суманд 3546, Сайхан суманд 2421, Дулаанхаан тосгонд 1819 захиргааны хэрэг бүртгэгдсэн байна. Эдгээрийг гаралтаар нь авч үзэхэд Сүхбаатар сумын 1, 5, 8-р баг, Алтанбулаг, Шаамар, Ерөө, Бугант, Түшиг, Мандал, Хүдэр, Жавхлант сумдад 2.5 дахин өссөн байга аж. Харин Сүхбаатар сумын 2, 3, 4, 6, 7-р баг, Зүүнбүрэн, Цагааннуур, Дулаанхаан, Хушаат, Баянгол, Сайхан, Орхон, Орхонтуул, Баруунбүрэн сумдад 66.9 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа гэнэ. Эл хэргийн 2529 нь согтуугаар, 321 нь эмэгтэй хүн оролцсон, 148 нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас, 9 нь хүүхэд оролцсон, 238 нь бүлэглэн үйлдэгдсэн байна. Мөн захиргааны хэрэгт холбогдогчдын 216 нь төрийн албан хаагч, 727 нь урьд нь захиргааны арга хэмжээ авагдаж байсан иргэд байсан аж.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч 175 бүртгэгджээ

Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 175 гэр бүлийн хүчирхийлэгч бүртгэгджээ. Эдгээр бүртгэгдсэн хэргийн 147 нь нөхөр, 5 нь төрсөн ах байгаа аж. Мөн төрсөн эцэг, хүргэн ах, хамтран амьдрагч тус бүр гурав бүртгэгдсэн бөгөөд хойд болон үрчилж авсан эцэг, төрсөн эгч, хүргэн дүү, төрөл садангийн хүмүүс тус бүр нэг нэг байгаа аж.

Согтууруулах ундаа хэтрүүлсэн 2043 иргэн саатуулагджээ

Сэлэнгэ аймгийн хэмжээнд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн зөрчил гаргасан 2043 иргэн саатуулагджээ.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж саатуулагдсан 2043 иргэний 109 нь эмэгтэй, хоёр нь насанд хүрээгүй хүүхэд, хоёр нь гадаадын иргэн байсан байна. Эдгээр иргэдийн 1759 нь ажилгүй, 68 нь төрийн албан хаагч, малчин 27, хувиараа хөдөлмөр эрхлэгч 26, төрийн бус байгууллагын ажилтан 9 байжээ. Саатуулагдсан эдгээр иргэд нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан шалтгаанаар, гэр орон сууцнаас 1175 иргэн, баар цэнгээний газраас 73, байгууллага аж ахуйн нэгжээс 81 иргэн баривчлагдсан байна.

23 төрийн албан хаагч арга хэмжээ авахуулжээ

Сэлэнгэ аймгийн хэмжээгээр захиргааны зөрчилд 9-р сард 23 төрийн албан хаагч, төрийн өмчит байгууллагын 5 иргэн холбогдон арга хэмжээ авахуулжээ.

Эдгээр саатуулагдаж арга хэмжээ авагдсан иргэдийн 18 нь согтууруулах ундаа хэрэглэсэн төрийн албан хаагч, төрийн өмчит байгууллагын нэг иргэн байжээ. Энд цэргийн ангиуд, боловсролын байгууллага, аймаг, сумдын ЗДТГ, төрийн банк, ОБГ, Тахарын алба, Тохижилт үйлчилгээ, нийгмийн даатгал, Эрүүл мэнд, Спортын дунд сургууль, Алтанбулаг боомт, Татвар, Авто тээврийн үндэсний төвийн Баянгол дахь салбар зэрэг байгууллагуудын ажилтан, албан хаагчид холбогдсон байна.  

Хулгайн гэмт хэрэг өсчээ

Хулгайлах гэмт хэргийн гаралт, тэр дундаа иргэдийн өмчийн хулгайн гэмт хэрэг өссөн байгаа нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэсгийн төлөөлөгч, байцаагч нар онцгой анхаарч тасралтгүй арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг анхааруулж байна.

Сэлэнгэ аймагт 9-н сарын байдлаар хулгайлах гэмт хэрэг 25-аар өсчээ. Энэхүү аймгийн хэмжээнд гарч байгаа хулгайн гэмт хэргийн өсөлт нь хувийн өмчийн эд хөрөнгөд халдсан хэрэг байгаа аж. Ийнхүү иргэдийн өмчийн хулгайн гэмт хэрэг 26 хэргээр өссөн бол мал хулгайлах гэмт хэрэг 11-ээр буурчээ.

Олон улсын авто зам бүхий газруудад зам тээврийн гэмт хэрэг буурахгүй байна

Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Мандал, Баянгол, Сайхан сумдын орон нутгийн, Сүхбаатар сумын 5, 8-р багийн олон улсын авто замд тавих хяналт шалгалтыг тогтмолжуулах нь чухал гэлээ.

Хэдийгээр Сэлэнгэ аймгийн хэмжээнд зам тээврийн хэрэг буурсан ч Мандал, Баянгол, баруун 5 сумдад тус бүр 14 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь гарч байгаа зам тээврийн гэмт хэргийн 73.7 хувийг буюу дийлэнх хувийг эзэлж байгаа аж. Нэг үгээр хэлбэл олон улсын авто зам бүхий эдгээр газруудад зам тээврийн гэмт хэрэг буурахгүй байгаа ажээ.    

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Related news