Урианхайн уртын дууг хоёрхон хүн дуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-29 01:58:44

Баян-Өлгий  аймгийн ХД театрын шинэ захирал Б.Асылбекийн санаачлагаар аймгийн ЗДТГ-т өнгөрсөн пүрэв гарагт «Баян-Өлгий аймгийн тайзны урлагийн хөгжил, цаашдын чиг хандлага» сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа.

Аймгийн ХД театрын маргааш тэмдэглэх 60 жилийн ойг тохиолдуулан урьдчилан зарласан уралдааны болзлын дагуу бага хуралд арав орчим илтгэл тавигдсаны нэг нь гурван жилийн өмнө тус аймагт ирж жил гаруй эрдэм шинжилгээний ажил хийсэн Япон Улсын иргэний интернэтээр ирүүлсэн илтгэл бөгөөд тэрбээр театрын тоглолт бүхнийг видео бичлэгт оруулж байх санал дэвшүүлсэн байв.

Залуу илтгэгч Ц.Энхтөр тус аймагт урианхайн уртын дуу дуулдаг хоёрхон хүн байгаа тул энэхүү урлагийг сэргээн хөгжүүлэх санал бодлоо илэрхийлэв. Илтгэгчид болон бага хурал дээр үг хэлсэн урлаг судлаач Д.Маралхан, МУУГЗ Р.Өсерхан, МУСГЗ Р.Шынай, дэд эрдэмтэн Б.Өмирбек, Ж.Хиналган нарын хүмүүс 1956-1990 оны «алтан үетэй» нь харьцуулахад тус аймгийн ХД театрын хөгжил зогсонги байдалд хүрсэн, жүжигчдийн цалин хангамж, хувцас болон театрын тайзны тоног төхөөрөмж, хөгжмийн зэмсэг тааруухан, зохиол туурвигчдад шагнал олгогдохоо больсон нь тайзны урлагийн хөгжилд саад болж байгаа зэрэг санал бодлоо илэрхийллээ.

Илтгэлийн уралдаанд аймгийн номын сангийн эрхлэгч Т.Ермек, Ховдын их сургуулийн салбарын багш У.Батцэцэг, эрдэм шинжилгээний ажилтан Б.Гүлнур, оюутан Ц. Энхтөр нарын илтгэл эхний байруудыг эзлэн шагнал хүртлээ.

Ш.Айзаря

 

Related news