Анхан шатны үзлэгээр эрсдэлтэй гарсан иргэдэд зөвлөгөө өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн ЭМГ-аас дүгнэлт хийн үзлэгээр өөрчлөлттэй, эрсдэлтэй гарсан иргэдэд тусгайлан сургалт хийж, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулах гэж байна.
Аймгийн эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 11-р сарын 10-ны өдрийн 111 тоот тушаалаар "Дэлхий нийтээр чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр"-ийг тохиолдуулан Сүхбаатар сумын төр, захиргааны 8 байгууллагын 202 ажилтан албан хаагчдад анхан шатны үзлэг хийсэн тухай өмнө нь мэдээлсэн. Тэгвэл эдгээр алба хаагчдын цусан дахь сахарын хэмжээ, биеийн жингийн индексийг тодорхойлоход эрүүл хүн тун ховор байжээ. Тухайлбал үзлэгт хамрагдсан 202 хүнээс илүүдэл жинтэй 62 хүн буюу 31 хувь, I зэргийн таргалалттай 45 буюу 22 хувь, II зэргийн таргалаттай 11 буюу 5 хувь, III зэргийн таргалалттай 4 буюу 2 хувьтай байсан байна.
Мөн артерийн даралт ихэссэн 41 хүн буюу 20 хувь, багассан 3 буюу 1 хувь, цусан дахь сахар өөрчлөлттэй 12 хүн буюу 6 хувь, сахартай 5 хүн буюу 2 хувь тус тус эзэлж байжээ. Иймээс дээрх үзүүлэлтүүдээр өөрчлөлттэй, эрсдэлтэй гарсан иргэдэд аймгийн ЭМГ-аас тусгайлан сургалт хийж, зөвлөгөө өгөх ажлыг тун удахгүй зохион байгуулах гэж байна.
Ч.Отгонцэцэг