Говийн бүсгүйчүүд чуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-11-30 20:30:46

Өмнөговь аймагт "Амьдрахад таатай говь нутаг" сэдэвт эмэгтэйчүүдийн нэгдсэн чуулга уулзалт өнөөдөр боллоо.

Уг чуулганд тус аймгийн 15 сумаас салбар бүрийн эмэгтэйчүүдийн төлөөллийн 300 гаруй бүсгүйчүүд оролцсон юм. "Ухаалаг шийдэл гэгээн амьдрал" эмэгтэйчүүдийн ТББ-аас зохион байгуулж буй уг арга хэмжээг тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, аймгийн ЗДТГазар  болон "Говийн өгөөж" ХХК, "Lady" салон ивээн тэтгэсэн байна. 

Чуулганаар бүсгүйчүүдэд тулгамдаж буй асуудлын талаар халуун яриа өрнүүлж, шийдвэр гаргах түвшинийхэн хэрхэн шийдвэрлэж болох талаар хамтран санал солилцлоо. Говийн эмэгтэйчүүдэд тулгамдаж байгаа нэлээн асуудлыг хөндсөн бөгөөд үүнд эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж байгаа талаар бодит баримт дурдан ярилцсан юм. Тус аймгийн Цагдаагийн газарт ирж байгаа дуудлагын 80 гаруй хувийг эмэгтэйчүүд өгдөг гэнэ. Тиймээс Өмнөговь аймагт хүчирхийлэлийн эсрэг төв яаралтай байгуулах хэрэгтэй байгааг онцолсон юм. Мөн хувь хүмүүсийн хандлагыг эерэг болгох тал дээр эмэгтэйчүүд манлайж оролцох цаг болсныг ч бүсгүйчүүд дуу нэгтэйгээр зөвлөлдлөө.

Мөн чуулганд оролцож байгаа бүсгүйчүүдээс эрчүүдийн чуулга уулзалт зохион байгуулах талаар санал гарсныг зохион байгуулагчид онцлон хүлээн авсан юм. Эрчүүдийн эрх ашгийг хамгаалсан ТББ байгууллага байхгүй байгааг ч мөн энэ үеэр оролцогчид сануулаад авсан. 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа эмэгтэйчүүдийн энэхүү чуулга уулзалт өмнөх уулзалтуудаар ярилцаж байгаагүй халуун сэдвүүдийг хөндөж гаргаж ирсэнд зохион байгуулагчид талархаж байлаа. Уг чуулганд УИХ-ын гишүүн А.Ундраа, дуучин н.Наран зэрэг зочид оролцлоо.

"Амьдрахад таатай говь нутаг" эмэгтэйчүүдийн нэгдсэн чуулга уулзалт маргааш "Номын хур-500" аянаар өндөрлөх юм.

Д.Мишигсүрэн

Related news