Балгасны улаан нуурыг тусгай хамгаалалтаас гаргахгүй гэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймагт "Балгасны улаан нуурын үнэ цэнэ" сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
“Алтан нутгийн мэдээ” сонины редакциас зохион байгуулсан нээлттэй тус хэлэлцүүлэгт Алтайн өвөр говийн сав газрын захиргааны дарга Д.Чандмань, "Престиж" ХХК-ийн төлөөлөл зэрэг усны мэргэжилтнүүдээс гадна Ханхонгор сумын малчид, аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгч, иргэдийн төлөөлөл оролцсон юм.
Тус хэлэлцүүлэгт газрын гүн дэх ус говь нутагт хичнээн үнэтэй зүйл болох, Балгасны улаан нуурын нөөцийн тооцоо, аймгийн ИТХ-аас нэхэмжлээд байгаа гэх их өрийн талаар маргаантай асуудлуудын талаар халуун яриа өрнүүлсэн юм. Энэ үеэр Балгасны улаан нуурыг орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргахгүй гэдгийг аймгийн удирдлагууд албан ёсоор мэдэгдлээ. Мөн Ханхонгор сумын Жаргалант багийн малчид иргэд цэнгэг усны ундарга болсон “Балга усны улаан нуураа” төр засгийн удирдлагуудтай хамтарч хамгаалсаар ирсэн, хойшид ч хамгаалахад болно гэдгээ хэлсэн юм. Балга усны улаан нуурыг тойрсон 14 цооногийг шинээр бий болгосноор 35 булгийн ус ундарга ширгэсэн мөн Улаан нуураас хойш холгүй орших “Нарийны гол” малчид, нутгийн иргэдийн ажигласнаар 1 жилд 6 удаа тасарсан зэрэг бодит жишээг ч малчид хэлсэн. Үүнээс үүдэн Жаргалант багийн ард иргэд цаашлаад Өмнөговьчууд усгүй болох аюул тулгарч болзошгүй тул аймаг орон нутгийн удирдлагууд анхааралдаа авах хэрэгтэйг сануулж байлаа.
Энэ үеэр "Престиж" ХХК-ийн төлөөлөл "Орхон говь" төслийн талаар танилцуулсан нь олны талархалыг хүлээлээ. Мөн Пибоди вэнсвэй ресурс ХХК-ийн нэхэмжилсэн өр төлбөрийг эргэн нягтлаж үзэхийг иргэд аймгийн удирдлагуудаас хүслээ.
Д.Мишигсүрэн